ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

2020 оноос бүх сургууль өөрийн гэсэн гал тогоо, тогоочтой болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-10

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

Чуулганы хуралдаан эхэлсэн даруйд УИХ-ын гишүүн Л.Болд нарын гишүүдийн зүгээс С.Зоригийн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргав. Улмаар гишүүд хурууны хээгээр санал өгсөн ч 68.1 хувь нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулах шаардлагагүй гэж үзлээ. Ц.Нямдорж гишүүн энэ үеэр “Миний бодож төсөөлж байснаас ч айхтар зүйл олон болсон байна лээ. Миний яриад байгаа зүйлс энэ хэргийн өчүүхэн хэсэг балмад зүйл нь шүү. Цаашдаа ч их юм гарна. Эмээ нар дээр хүртэл гүйцэтгэх ажил явуулсан байна. Бид эхээс төрсөн. Айл гэр сүйтгэж, дарамталж байгааг хянахгүй байж болохгүй. Зөв зүйл ярьдаг, зөв бодолтой хүмүүс оруулаад энэ түр хороог байгуулаад өгөөч гэж хүсч байна” гэв. Улмаар төхөөрөмж гацсан хэмээж дахин санал хурааснаар хэлэлцэх асуудлын дараалалд орууллаа. 

Хуралдаанаар яг одоо ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуув. Хяналт хэн тавьдаг, хариуцлага яагаад алдагдсан талаар тодруулсан гишүүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариулав. Тэрбээр, “Маш олон томоохон хэмжээний хордлого гарлаа. Сургуулийн сурагчид, багш нар хүртэл цусан суулгаар өвдөж байна. Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хянах ёстой. Гэтэл Б.Эрдэнэчулуун гэж хүн асуудал үүсэхээр л чанга дуугарч гарч ирчихээд алга болдог. Нэг салбар луу дайрч, давшилж, загначихаад чимээгүй болдог.

Гэтэл эрүүл мэндийн салбарт гарч байгаа хохирол яах болж байна. Энэ олон хүмүүс хордож, тэдэнд эмчилгээ хийснээр маш их хохирол амсаж байна. Саяхан л гэхэд аж ахуйн нэгж байгууллага хүртэл стандартаа мөрдөөгүйгээс болж, хоолны хордлого гарлаа” хэмээлээ. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нийслэлийн хэмжээнд зориулалтын гал тогоотой 80, зориулалтын бус гал тогоотой нь 54, огт гал тогоогүй  долоон сургууль байдаг. Улмаар, сургуулиудын гал тогоог шинэчлэх, зориулалтын гал тогоотой болгох төсвийг 2020 оны төсөвт суулгаад явах боломжтой. Хоол нийлүүлэх үндэсний логистик системийг бүрдүүлэх ёстой. Дэргэдээ заавал туслах аж ахуйтай байх ёстой юм. Үндэсний үйлдвэрлэгчдээсээ шаардлага хангасан бүтээгдэхүүн авдаг болно. Нэг стандартад оруулмаар байгаа юм. Тэгэхгүй болохоор захаас эсвэл ах дүү амраг саднаасаа бараагаа татдаг, хяналт байхгүйгээс үүдэж хордлого зэрэг асуудал гарч байгаа юм” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хоолны чанарыг сайжруулна гэж байгаа бол мөнгөн дүнг нэмэх ёстой гэсэн санал хэллээ. Гишүүний хэлснээр өнөөгийн стандартад нэг хүүхдэд 600 төгрөгийн хоол ногдож байгаа юм байна.

2020 оны хичээлийн жилээс түрээс байхгүй болох бөгөөд бүх сургууль өөрийн тогооч, өөрийн гал тогоотой болно. Хоолзүйч, сургуулийн захирал хариуцлага хүлээдэг механизм руу явах гэнэ. Үүнээс гадна зөөврийн хоол ЕБС-д огт зарахгүй юм байна. Дотоодын аж ахуйн нэгжүүдээс стандартад нийцсэн бүтээгдэхүүн авах бөгөөд гаднаас бүтээгдэхүүн авах бол түүнийг нь ХХААХҮ-ийн яамнаас жагсаалт баталж өгөхөөр хуульд тусгажээ. Хууль батлагдсан тохиолдолд 652 хоолзүйч нэмж ажиллуулах бөгөөд 1600 тогооч хэрэгтэй гэнэ. Одоо 666 тогооч ажиллаж байгаа юм байна. Нийт 360 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт жил бүр суулгаж өгөх аж. Харин энэхүү мөнгөн дүнг их байна гэж шүүмжлэх гишүүд байлаа. Хуралдаанаар үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна