Азийн аваргад оролцох чөлөөтийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

O.Admin
2019-04-11

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ  сарын 23-28-нд БНХАУ-ын Шэнси мужийн төв Шиань хотод болно. Тэгвэл Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Азийн АШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцох бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт, Азийн наадам болон Азийн АШТ-ий медальт А.Батцэцэг, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, З.Болортунгалаг гэсэн туршлагатай тамирчдаас гадна залуучууд зодоглохоор болов.

Манай бүрэлдэхүүний дийлэнхийг манай өсч яваа залуу тамирчид бүрдүүлж байгаа бөгөөд Азийн аваргад хүч үзэх 20 тамирчны 12 нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулна. Эрэгтэйчүүдийн 10 жингийн дундаж нас 22 байгаа бөгөөд Азийн аваргын ганц ч медальтай бөх байхгүй. Түүнчлэн өнгөрсөн сард Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн АШТ-д сонгомол бөхийн 55 кг-д хүрэл медаль хүртсэн М.Даваабанди, 67 кг-д мөнгөн медаль хүртсэн Г.Ханбүргэд нар хүч үзэхээр болсон.

Манай бөхчүүд хамгийн сүүлд сонгомол бөхийн төрлөөр 18 жилийн өмнө буюу 2001 онд хүч үзэж байв. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр, эмчээр Баатар, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллах юм. Манай эрэгтэй бөхчүүд Тоорил ханы хүрээ жуулчны баазад, бүсгүйчүүд “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт, сонгомол бөхийн хоёр тамирчин ӨМӨЗО-ны Хөх хотод тус тус бэлтгэлээ базааж байна. Эрэгтэй бөхчүүд дөрөвдүгээр сарын 21, эмэгтэйчүүд үүнээс хоёр хоногийн дараа урд хөрш рүү мордох бол сонгомол бөхийн хоёр тамирчин 25-нд Хөх хотоос шууд Шианийг зорино.

АЗИЙН АВАРГАД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН:
 

Эрэгтэйчүүдийн 57 кг: Нармандахын Насанбуян
61 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах
65 кг: Төмөр-Очирын Тулга
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Батсуурийн Отгонбаяр
79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Баасанцогтын Өлзийсайхан
97 кг: Өлзийсайханы Батзул
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Батбаатарын Энхцэцэг
55 кг: Болормаагийн Дөлгөөн
57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Соронзонболдын Батцэцэг
72 кг: Ганбатын Ариунжаргал
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам
Сонгомол бөхийн 55 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди
67 кг: Ганхуягийн Ханбүргэд