ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-11

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хурал 10 цаг 14 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлсэн.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахааар өчигдөр гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжсэн юм. Ингээд тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав.

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан иргэд, олон нийтийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа юм. Хэргийг илрүүлэх чиглэлээр хуулийн байгууллагаас олон удаа ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар 18 жилийн хэргийг илрүүлэн ял оноосныг Улсын дээд шүүх эцэслэн шийдсэн хэдий ч энэ хэргийг тойрсон маргаан, эргэлзээ, талуудын зөрчилтэй байр суурь байсаар байгаа, эрүүдэн шүүх замаар хэргийг тулган хүлээлгэсэн байх магадлалтай болоод байгаа. 

Иймээс хэргийг тойрсон эргэлзээг тайлж олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх, хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн асуудлыг нягтлан тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны үүднээс тавигдах зүй ёсны асуудал юм. Мөн 2018 оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад албан бичиг ирүүлж, 2017 онд шийдэгдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг Олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа дурдаад эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс Улсын Их Хурал дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалжээ. Түүнчлэн Улсын Их Хурлаас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байгаагаа дурдсан байна.

Иймээс ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийн дагуу Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан асуудлыг нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсныг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Дараа нь уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, Ц.Гарамжав нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Төсөл санаачлагч гишүүн Л.Болд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлыг Монголын парламент анх удаа парламентын түвшинд авч хэлэлцэж, өөрийн бүтцэд Түр хороо байгуулж анхаарал хандуулахаар болж байгаа нь тун чухал алхам. Энэ нь Монгол Улсын олон улсын нэр хүндэд ч хамаатай асуудал гэдгийг бодолцох ёстой. Энэ хэргийн шийдвэрлэлтийг тойрсон эргэлзээ, маргааныг нэг мөр эцэс болгож, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг бусармаг явдлыг таслан зогсоох цаг болсон, үүний тулд энэ Түр хороог байгуулах зайлшгүй шаардлагатайг тодотголоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хэрэв энэ Түр хороо байгуулагдвал Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад ямар ямар хуулийн аль аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж таарна. Үүний цаана гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрх зөрчсөн асуудал яригдаж байгаа, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, тэдний ар гэрийнхнийг айлган сүрдүүлж дарамталсан гэх зэрэг асуудлыг маш нарийн шалган тодруулах шаардлагатай болно гэдгийг хэллээ. Мөн тэрбээр иргэдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг, мөрдөж мөшгөдөг, айлган сүрдүүлж дарамталдаг хууль зөрчсөн үйлдэл, бусармаг явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах үүднээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар үг хэлж Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Катар улсын Доха хотод болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд оролцож, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор тус хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан Монгол Улсын Их Хурлаас хүргүүлсэн болохыг танилцуулж, уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг танилцуулсан тухайгаа гишүүдэд дуулгав.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжив.