ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Могойн голын нүүрсний экспортыг зогсоожээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-12

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагааг нүүрс тээвэрлэлтийн болон технологийн горимтой холбоотой зөрчлийг арилгаж дуусгах хүртэлх хугацаанд хориглолоо. Уг тогтоолыг аймгийн ИТХ-аар дахин хэлэлцэж байж хоригийн хугацааг цуцлах аж.

“Могойн гол” ХК нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдээс гадна өмнөд хөршид нүүрсээ борлуулдаг тус компани Могойн голын уурхайгаас Эрдэнэт хот хүртэл автомашинаар тээвэрлэн тэндээсээ Хятад улс руу галт тэргээр тээвэрлэдэг. Ингэхдээ зорчигч тээврийн замаар экспортын нүүрсийг тээвэрлэдэг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай авто замыг эвдэх, ашиглалтгүй болгох зэрэг эрсдэл учруулж байгаа ажээ. Мөн 44 тоннын даацтай Хилэнтийн гүүрний гурван тулгуур бяцарсан, хэвийн хэмжээнээсээ 40 мм хотойлт өгсөн тухай Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, дүгнэлт гарч, тус компанийн тээврийн автомашинуудыг зам, гүүрээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрчээ.

“Могойн гол” ХК-ийн 2019 оны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бууруулж, бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, дотоодод нийлүүлэх нүүрсний нөөцийг бүрдүүлэх, уулын ажлыг технологийн горимын дагуу зохион байгуулах, компанийн ТУЗ-ийн төрийн төлөөлөл хэрэгжүүлэгчдэд удирдамж өгч хэрэгжилтийг хангуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүргийг холбогдох хүмүүст өгсөн байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Засгийн газарт буцаан төлөх гэрээгээр олгосон 651 сая 800 мянган төгрөгийн хөрөнгөөр “Могойн гол” ХК-ийн орон нутгийн хувь нийлүүлсэн эх үүсвэрийг нэмэгдүүлж батлуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг дарга Л.Ганболдод даалгажээ.

“Могойн гол” ХК нь 2018 онд 4 тэрбум 427,1 сая төгрөгийн борлуулалт хийж 1 тэрбум 340,8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 2019 онд 1842,2 мянган м3 хөрс хуулж, 250,0 мянган тонн нүүрсийг олборлосноо 194,0 мянган тонныг зах зээлд борлуулсан байна. Тус компани энэ жил 3179,7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах зорилт тавьсан хэдий ч нүүрс тээвэрлэлтийн зөрчлийг арилгах хүртэл компанийн төлөвлөгөө хэр биелэгдэх нь тодорхойгүй байна. Могойн голын нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос 880 км, Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 209 км, Завхан аймгийн Улиастай хотоос 226 км зайд Цэцэрлэг сумын нутагт оршдог. 1971 онд ашиглалтад орсон тус уурхайг 1994 онд хувьчилснаар 51 хувь нь орон нутагт, 49 хувь нь хувь нийлүүлэгчид болоод хувьцааг нь эзэмшиж буй иргэдэд ногддог юм