ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт очсон нь хэрэг илрэхгүй байхад нөлөөлсөн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-14

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүсэн асуудлыг нягтлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ. Түр хороо байгуулах тогтоолын төслийн хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулж, С.Зориг агсан Монгол Улсын Ерөнхий сайд болох зөвшөөрлийг авсан өдрөө бусдын гарт амь үрэгдсэн гэдгийг онцлов. Түүнийг намын нөхөд нь түүнийг Ерөнхий сайдад хамгийн сайн тохирох хүн гэдгийг удаа дараа хэлж, хүсэлт гаргасан боловч Засгийн газар зөвшөөрөхгүй удсан бөгөөд зөвшөөрсөн өдрийнх нь орой түүнийг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэрэг гарсан гэдгийг Л.Болд гишүүн хэллээ. Тэрбээр “Хэрэг гарах үед хэрэгт холбогдон ял авсан Т.Чимгээ нь 29 настай байсан бөгөөд Дорноговь аймагт 82 настай хэвтэрт орсон эмээгээ асарч байсан. Харин Б.Содномдаржаа 24 настай Эрдэнэт хотод малчин байсан бөгөөд өвс хадахаар хөдөө байсныг хэд хэдэн гэрчүүд нотолдог. Хэргийн гол гэрч гэгдэх Ц.Амгаланбаатар нь 16 настай хөдөө орон нутагт амьдарч байсан гэдэг нь тогтоогдож байгаа” хэмээн мэдээллээ.

С.Зориг агсны хэргийг нягтлах Түр хороо байгуулахыг дэмжив

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асуух үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Нэгдүгээрт, Түр хороо байгуулж, хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлтийг гаргана. Нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн нь илэрхий байгаа. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн. Хоёрдугаарт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүст гүйцэтгэх ажил явуулсан байж гэхэд яагаад ээж, хүүхдэд нь явуулав. Тагнуулын даргын яриагаар 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн байдаг. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээр нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. Яг л 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Үүнийг нь олон нийтэд танилцуулна.

Төрийн болон албаны нууцын тавдугаар зүйл гэж бий. Энд “Хуулийн дагуу төрийн нууцад хамруулсан хэргийг задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Үндэсний аюулгүй байдал  болон Үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг” гээд заачихсан байдаг. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой. Өөрийгөө өмгөөлөх гэсэн хүмүүс энэ хэргийг маш олон баримт нотолгоотой гэдэг юм. Баримт нотолгоо гээд байгаа зүйл нь 18 жилийн өмнө С.Зоригийн гэрийг асуусан хүн энэ мөн гэж хэлсэн нэг гэрчийн мэдүүлэг.

18 жилийн өмнөх танихгүй хүний өмссөн хувцас бүү хэл өөрийнхөө долоо хоногийн өмнө өмссөн хувцсыг санадаг хүн хэр олон байх вэ. Ийм мэдүүлэг өгсөн гэрчтэй хэргийн мөрдөгч нэг байрны нэг давхарт олон жил хамт амьдарсан хүн байгаа. 1998 оны аравдугаар сарын 02-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон” гэлээ.

Тэрбээр хэргийг шалгах түр хороонд орно гэдгээ эн үеэр мэдэгдсэн ч  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ц.Нямдорж сайд та энэ Ажлын хэсэгт орох нь ёс зүй талаасаа байж болохгүй юм биш үү. Та "надад олон эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж өөрөө ярьсан. Тэгэхээр та энэ Ажлын хэсэгт орвол өөрийгөө хамгаалах магадлалтай юм биш үү” хэмээн лавлав.  Харин Ц.Нямдорж сайд “Би ажлын хэсэгт заавал орно. Нам, бүлэгтээ хэлж байгаад орно. 1937 оны арга хэлбэрийг таслан зогсоохын тулд бүх арга хэлбэрийг ашиглана гэж амлачихсан. Би тэр хардлага сэрдлэгээс чинь айхгүй байна. Би заавал орно. Надад хэдэн ч хэрэг үүсгэж болно. Тэрнээс чинь айхаа болиод 20, 30 жил болж байна” гэлээ. Ингээд гишүүд үг хэлж асуулт асууж дууссаны дараа Түр хороо байгуулах талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр Түр хороо байгуулахаар болсон юм. 

“Олон хүүхэдтэй” гэсэн заалтаар тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэвэрийг нэмнэ

Чуулганы үдээш хойшхи хуралдаанаар УИХ-ын Ц.Гарамжав нарын 11 гишүүн санаачилж,  2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. 1990 онд батлагдсан БНМАУ-ын тэтгэвэрийн тухай хуулиар “олон хүүхэд төрүүлсэн” гэх үндэслэлээр 32 800 эх хугацаанаас өмнө тэтгэвэртээ гарч, яг одоогийн байдлаар 12 600 ээж улсын дунджаас бага тэтгэвэр авч байгаа. Энэ эхчүүдийн тэтгэвэрийг нэмэгдүүлж, улсын дундажтай нийцүүлэх зорилгоор уг хуулийг өргөн мэдүүлсэн аж. 
Энэ үеэр ХНХ-ийн сайд С.Чинзориг “Ажлын байр чөлөөлөх” гэсэн үндэслэлээр 44 мянган иргэнийг тэтгэвэрт нь гаргасан байдаг. 1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа тэдгээр иргэдийг тэтгэвэрт гарах нас нь болоогүй байна гэж тэтгэврийг нь зогсоож, нөхөн олговор олгох нэрийдлээр тэдгээр иргэдээр их тоглосон. 2000 онд МАН Засгийн эрх авсны дараагаар тэдний эрх ашгийг хохироосон учраас нөхөн олговорыг нь зогсоож бүрэн тэтгэвэрийн доод хэмжээнд аваачсан” гэв. Тэрбээр гишүүдийн санаачилсан хуулийн төслийн хоёр зүйлтэй санал нийлэхгүй байна гэв. 

Нэгдүгээрт, Анх тэтгэвэрт гаргахдаа эдгээр иргэдийг дөрвөн нөхцлөөр тэтгэвэрт гаргасан. Гишүүдийн өргөн барьсан хуульд дээр "олон хүүхэдтэй" гэдэг нөхцлөөр тэтгэвэрт гаргасан иргэдийг нь л хамруулахаар байна. Цаана нь хоёр заалтын хүмүүс үлдэх гээд байна. Хоёрдугаарт, Энэ хуулиар шийдээд явчихвал дундаж тэтгэвэрээс доогуур тэтгэмжтэй  байгаа 17 мянган иргэн байгаа. Цаана нь 4000 иргэн дундаж тэтгэвэрээс дээгүүр тэтгэвэртэй байгаа үлдэж байна. Ийм хоёр ялгаа гарах гээд байна. Дөрвөн нөхцлийн хүмүүсийг адил л авч үзмээр байна.  

Энэ хуулийн төсөлд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд хамаарна гэж үзвэл 7.3 тэрбум төгрөг, зөвхөн эмэгтэйчүүд гэдгээр тооцвол 8.9 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн хууль энэ оноос эхлэн хэрэгжинэ гэвэл Төсвийн тухай хууль зөрчигдөнө. Хуулийг УИХ-аас баталбал 2020 оноос хэрэгжихээр хугацааг зааж өгөх нь зөв юм. Үүнээс гадна доод тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэхэд ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог зарчим зөрчигдөнө гэсэн саналуудыг хэллээ. 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулиудыг цөөлнө

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны Дээд боловсролын талаар тавьсан асуулгын хариултыг танилцуулав. “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлого”-ыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулахдаа “Засгийн газраас боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулиудын тоог цөөлөх бодлогыг баримталж байгаа. Үүний хүрээнд их, дээд сургуулиудад хяналт шалгалт хийсэн. Үүний үр дүнд зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, гурван сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өглөө. Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурсан байна. Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн хэвшлийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн” хэмээн мэдээлэв.