ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Омар Хассаны уналт

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-14

-Ерөнхийлөгчийн дэглэмийг үндсээр нь устгахаа зарлав-

Юун түрүүнд нэгэн түүх бичье. Энэ бол Суданы Ерөнхийлөгч Омар Хассан Баширын хамгийн их ярих дуртай түүх юм. Гэхдээ эрх мэдэл, сүр хүчнийх бус, шүдний тухай түүх. Биднийхээр бол гараа сайрттал гадаа тоглож байх насандаа тэр барилгын талбайд ажиллаж байсан бөгөөд нэг өдөр хүнд ачаа зөөж явахдаа бүдэрч, шүдээ унагажээ.

Тухайн үед эмнэлгийн тусламж авах бус, амаа давстай усаар зайлсан болоод хийж буй ажлаа үргэлжлүүлсэн байна.  Харин хожим армид элссэнийхээ дараа хүнд хүчир амьдрал, өнгөрснөө ямагт дурсахын тулд тэрхүү ёзоортоо  мөнгөн шүд суулгуулж байсан гэнэ. Нил мөрний дагуух жижиг тосгоны бор амьдралтай хүү хэрхэн Судан улсыг 30 жил хатуу гарын дор удирдсан нь түүний мөнгөн шүдтэй адил олны анхаарлыг ихэд татдаг гэдэг. Гэхдээ одоо түүний үе улирч байна. Тодруулбал, Зүүн хойд Африкийн Судан улсад өнгөрсөн долоо хоногт цэргийн эргэлт гарч, 75 настай Ерөнхийлөгч Омар Хассан Баширыг хүчээр огцруулсан юм. Эдүгээ түүнийг “аюулгүй газар”-т хорьж буй бөгөөд улс орны бүх эрх мэдлийг цэргийнхэн гартаа аваад байна. Одоогоор цэргийн түр зөвлөлийг генерал Ибн Ауф, Бурхан Абдулрахман нар удирдаж байгаа аж. Түр зөвлөл Суданы Засгийн газрыг тарааж, 2005 оны үндсэн хуулийг цуцалж, улс оронд гурван сарын хугацаатай онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн байна. 

Ибн Ауф генерал мэдэгдэл хийхдээ “Суданы ард түмнийг сайхан амьдруулах замыг засахын тулд зэвсэгт хүчин иргэдийн төлөөлөлтэй хамтран төрийн эрхийг авч байна” хэмээжээ. 

Харин энэ сарын 12-нд түр эвсэл байгуулснаа зарлах үедээ генерал Бурхан Абдулрахман “Хуулийн дагуу Засгийн газрыг дахин байгуулж, авлигтай тэмцэхээ тангараглаж байна. Экс Ерөнхийлөгч Баширын засаглалыг үндсээр нь  цэвэрлэх болно” гэсэн байна. Мөн Засгийн газрыг эсэргүүцсэнийхээ төлөө хоригдож байгаа бүх хүнийг суллаж, цэргийнхний хөл хориг цуцалж буйгаа мэдэгджээ. 
Суданыг 30 жил тэргүүлсэн Башир 1989 оноос хойш Африкийн томоохон улсын нэг Суданыг хатуу гарын дор захирах болжээ. Тус улсын түүхэнд 1956 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш түүн шиг урт удаан хугацаанд төр барьсан хүн байхгүй аж. Түүнийг баруун Дарфурт харгислал үйлдсэн гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн шүүхээс ял ногдуулаад байгаа бол мөн л түүний засаг барьсан хугацаанд Судан хоёр хуваагдаж, 2011 онд Өмнөд Судан улс бий болсон байна.Суданы түүхэнд гурав дахь удаагаа төрийн тэргүүнээ хүчээр буулгасан нь энэ. Өмнө нь 1964 онд Ибрагим Аббудын цэргийн дэглэмийг иргэдийн бослогоор унагаж байсан бол 1985 онд Ерөнхийлөгч асан Жаафар Нимеириг мөн л ийм аргаар огцруулж байсан аж. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Баширын дэглэмийн эсрэг тэмцэл анх эхэлсэн юм. Тухайн үед гадаад зээлдэгчдийн шахалтаар Суданы засгийн газар ард иргэддээ үзүүлдэг үр тариа, шатахууны хөнгөлөлтийг зогсоосон нь тэмцэл гарахад хүргэсэн байна.Үүнээс хэдэн долоо хоногийн дараа тэмцэл илүү хүчирхийллийн шинж чанартай болон хувирч, нийслэл Хартум болон бусад том хотуудад нөхцөл байдал хүндэрсэн юм.