“Хаадын тоглоом”-ыг өнөөдөр хаана үзэх боломжтой вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-14

Дэлхийн шилдэг цувралын нэгээр зүй ёсоор нэрлэгдсэн HBO-ийн бүтээл болох Хаадын тоглоом цувралын сүүлчийн буюу наймдугаар бүлэг өнөөдрөөс албан ёсоор нээлтээ хийж байна. Наймдугаар бүлэг нь нийтдээ зургаан ангиас бүрдэх бөгөөд долоо хоног бүрийн даваа гарагт буюу энэ сарын 15, 22, 29, ирэх сарын 6, 13, 20-ны өдрүүдэд тус тус гарах юм.

Дэвид Бениофф, Д.Б.Уайсс, Дэвид Наттер, Мигель Сапочник нарын найруулсан энэхүү бүтээлийн сүүлчийн цувралд Цагаан үхдэлүүдийн гарал үүсэл, хүн төрөлхөн ба цагаан үхдэлүүдийн дундах тулаан, Старк удмын эртний нууцын талаар дэлгэхээс гадна, төмөр сэнтийн төлөөх өрсөлдөөн гарах юм.

Мөн гол дүрийн баатруудын хэн нь үхэж, ямар, ямар тааварлашгүй дүрүүд эргэн ирэх бол гэдэг нь дэлхийн хэдэн зуун сая үзэгчдийнх нь хүлээж буй сэтгэл хөдлөл болоод байна. Киноны гол дүрийн жүжигчид бүрэн хэмжээний кино шиг бүтээсэн энэхүү сүүлчийн цувралын ангиудаас асар их сэтгэл хөдлөлийг амссан үнэнч фэнүүдэд нь сэтгэл зүйчийн зөвлөгөө ч хэрэг болно хэмээн ярьжээ.

Тэгвэл энэхүү шилдэг бүтээлийг өнөөдөр хэд хэдэн газарт үнэнч фэнүүдтэй нь хамт үзэх боломжтой аж. Тухайлбал, Сөүл плазагийн найман давхарт “Crystal whiskey & wine house” 21.00 цагаас эхний ангийг үзүүлэх гэнэ. Мөн “Тitan karaoke lounge” цувралын эхний ангийг хоёр удаа гаргах юм байна. Түүнчлэн,  “Ikh tenger club house”-д 19.30 цагаас “Titem Holliday Inn”-д 20.30 цагаас гаргахаар болжээ.