ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрөлт буурчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-14

Монголын Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2019 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Статистикийн хорооны мэдээллээр төрөлт өнгөрсөн жилийнхээс буурсан аж.

Тодруулбал, Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 18235 эх амаржиж, 18352 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 321-ээр буюу 1.7 хувиар буурсан байна. Харин төрсөн хүүхдийн тоо 319-өөр буюу 1.7 хувиар буурчээ. Тэгвэл нас баралт 4304 болж, өмнөх оны мөн үеэс 38-аар буюу  0.9 хувиар буурсан аж.  Энэ оны эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.6, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 4.3 байна.

 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Ховд аймагт улсын дунджаас 0.3-1.2 пунктээр дээгүүр, Говь-Алтай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-3.0 пунктээр доогуур байна.

1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Булган, Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.2 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баянхонгор, Орхон, Дундговь, Төв, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 пунктээр доогуур байгаа аж.

Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон, Дорнод, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-3.0 пунктээр доогуур байгаа юм байна.