ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд ирэх жуулчдын тоо нэмэгджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-14

Манай улсын хилээр 2019 оны эхний улиралд давхардсан тоогоор 1.3 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.2 мянга буюу 4.5 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Улсын хилээр орсон зорчигчдын 40.2 хувь нь Замын-Yүд, 17.6 хувь нь Буянт-Ухаа, 12.1 хувь нь Гашуун сухайт, 11.1 хувь нь Алтанбулаг, 6.7 хувь нь Шивээ хүрэн, 12.3 хувь нь бусад боомтоор орсон байна.  

Улсын хилээр 2019 оны эхний улиралд гадаадын 88.6 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 2.7  мянгаар өссөн аж.  Тэдний 83.6 хувь нь 30 хүртэл хоног, 14.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.8 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 75.4 мянга буюу 85.1 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 4.8 мянга буюу  6.5 хувиар өссөн байна.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 13.2  мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ. Өмнөх оны мөн үеэс Хонконг (БНХАУ) улсын жуулчид 159 Тайвань (БНХАУ) улсынх 104,  БНАСАУ-ынх 44, Австри улсынх 22  хүнээр өссөн байна. Харин  Турк улсынх 217, Индонез улсынх 22, Испани улсынх 21 хүнээр буурчээ. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 62.1 мянга нь эрэгтэйчүүд, 26.4  мянга нь эмэгтэйчүүд, мөн 84.7  мянга нь насанд хүрсэн хүн, 3.8  мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр 2019 оны эхний улиралд орсон гадаадын зорчигчдын 59.4 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 35.5 хувь нь Европоос, 3.6 хувь нь Америк тивээс, 1.5 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 39.5 хувийг БНХАУ, 30 хувийг ОХУ, 9.1 хувийг БНСУ, 3.3 хувийг Япон, 2.5 хувийг АНУ, 2.4 хувийг Казахстан улсын иргэд, 13.2 хувийг бусад улсын иргэд эзэлж байгаа аж.