ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: “Капитал” банкинд байршиж байсан мөнгөний асуудлаар УИХ-д хандаж ирсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-14

Өнгөрөгч долоо хоногт Монголбанкнаас мэдээлэл хийж, Капитал банкийг албадан татан буулгаж буйгаа мэдэгдсэн билээ. Үүний дараа тус банкинд төрийн мэдлийн 340 тэрбум төгрөг байсан нь олонд ил болж багагүй бухимдуулсан.

Тухайлбал, ЖДҮХС-гийн 46, Эрүүл мэндийн даатгалын 134.8 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн мөн л 100 гаруй тэрбум төгрөг байсан гэдэг. Энэхүү мөнгийг 2012-2016 онд байршуулсан нь ил болсон. Тэгвэл энэ мэдэгдэлтэй холбогдуулж, өнөөгийн Засгийн газрын гишүүдийг буюу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд С.Чинзориг нар хариуцлага хүлээх ёстой гэх мэтээр төөрөгдүүлсэн мэдээлэл гарч байгаа юм. Тэгвэл энэ асуудалд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тайлбар хийжээ.

Тэрбээр, “Мэргэжил нэгт зарим нөхөд мэдэн будилж буйг гайхах юм. 2018 онд ЭМДЕГазар бие даан үйл ажиллагаа явуулах болсноос хойш нэг ч төгрөг "Капитал" банкинд байршуулаагүй. Харин найман тэрбум төгрөгийн өр барагдуулж, Төрийн санд байршуулсан. “Капитал” банкинд байршиж байгаа мөнгөний асуудлаар Монгол банк, хууль хяналтын байгууллага улмаар УИХ-д удаа дараа хандсаар ирсэн.

 Тус банкинд 2012-2016 онд 134.8 тэрбум төгрөг байршуулсан байдаг. Энэ үед ажиллаж байсан хүмүүс бүгд бий. Яагаад энэ тухай ярихгүй тойроод байгаа нь анхаарал татаж байна. Иргэд эрүүл мэндэд нь асуудал үүсэх үед санхүүгийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийн мөнгийг олж авахын төлөө ЭМДҮЗөвлөл тууштай явах болно. Монгол банкны эрх хүлээн авагчид ЭМДҮЗ нэхэмжлэл гаргах ажлыг зохион байгуулж байна. Энэ асуудлыг эзэнгүйдүүлэх, төөрөгдүүлэх, ашиг хонжоо гаргах гэж улайрахгүй байхыг хүсье” хэмээжээ.