ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Говь-Алтай аймагт бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн бага хувиар өсчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-15

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2019 оны эхний гурван сарын мэдээллийг олон нийтэд танилцууллаа. 

Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 6.7 хувьтай байгаа бөгөөд  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар  өссөн гэдэг мэдээллийг өгөв.  Инфляцийн түвшин өссөн шалтгааныг  махны үнэ харьцангуй нэмэгдсэнтэй холбоотой гэж ҮСХ-оос мэдээллээ. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсөв

Тус хорооноос өгсөн мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.7 хувиар өсчээ.Харин өмнөх оны эцсээс 1.8 хувь, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гуравдугаар сард өмнөх сараас бүх аймагт 0.2-1.3 хувиар өссөн аж. Статистик  мэдээллээс харахад хамгийн их буюу Говьсүмбэр аймагт 1.3 хувиар өссөн бол,  хамгийн бага буюу Говь-Алтай аймагт 0.2 хувиар өссөн байна. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2019 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.8 хувь, өмнөх оны эцсээс 1.5 хувь, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өсжээ.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.2 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний үнийн индексийн сарын өөрчлөлт, аймаг, нийслэлээр, 2019 оны гуравдугаар сарын график

Атан тэмээ хамгийн үнэтэй байна

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны гуравдугаар сард ат Өвөрхангай аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 762.5 мянган төгрөг байгаа аж. Харин соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 991.7 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 576.3 мянган төгрөг, хязаалан шар Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 566.7 мянган төгрөгийн үнэтэй байна.

Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170.0 мянган төгрөг, Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 117.5 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Дундговь аймагт хамгийн их буюу 130.0 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байгаа талаар мөн мэдээллээ.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны 3 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 13.8 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 3.0 мянган төгрөг, бусад аймагт 5.0-13.0 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа аж. 

Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 132.0 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг, бусад аймагт 94.0-130.0 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Газрын тос, байгалийн хий олборлолт 3.3 хувиар өсчээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2019 оны гуравдугаар сард 137.1 хувь болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 1.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өссөн аж. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2019 оны 3 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 1.8 хувь (газрын тос, байгалийн хий олборлолтынх 3.3 хувь, металлын хүдэр олборлолтынх 1.6 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.

Баянзүрх дүүрэгт орон сууцны үнэ өсчээ

Улаанбаатар хотын төвийн зургаан  дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс 82.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурсан бол Баянзүрх дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь,Чингэлтэй дүүрэгт 0.2хувиар өсөж, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байгаа аж.


Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2019 оны нэгдүгээр улиралд 1970-2001 оны орон сууцны үнэ Баянзүрх дүүрэгт 0.9 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувиар өссөн бол Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт 0.1-0.2 хувиар буурчээ. 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Баянгол дүүрэгт өөрчлөлтгүй байгаа аж. 
2001 оноос хойш ашиглалтанд оруулсан орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 0.1-0.4 хувиар буурч, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 0.3 хувиар өсчээ.