ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Францын тэрбумтан сүмийг сэргээн засварлахад 100 сая евро хандивлахаа мэдэгдэв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-16

 Францын нийслэл Парис хотын зүрхэнд орших 850 жилийн түүхт Нотр Дам буюу “Парисын Эх дагины сүм”-д орон нутгийн цагаар энэ сарын 15-ны 18:50 цагт гал гарлаа. Гал эхлээд сүмийн дээвэр хэсэгт гарч, улмаар бусад хэсгүүдэд тархсан байна. Гал түймрийн голомтод 500 орчим гал сөнөөгчдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, өчигдөр өглөөний 06.00 цагт бүрэн унтрааж дуусчээ. Үйл явдлын мэдээ мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд шуурхай дамжуулж, францчууд ч сүмийн төлөө залбиран уйлж, зарим телевизийн сэтгүүлчид сэтгэл хөтлөлдөө хэт автан мэдээгээ дамжуулж чадахгүй нулимс унагаж байсан юм. 

Одоогоор сүмд хэр хэмжээний хохирол учирсан, гал юуны улмаас гарах болов гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ албаныхан тухайн үед сүмд хийгдэж байсан засварын ажлын үеэр гал алдсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, Нотр Дамын сүмд 6.8 сая ам.долларын өртөгтэй сэргээн засварлах ажил хийгдэж байсан гэнэ. Харин гал түймэр ажил тарснаас хойш цагийн дараа дүрэлзэж эхэлжээ. Түүнчлэн, соошл медиа дахь хүмүүсийн сэтгэгдэл болон зарим хэвлэлүүдийн дамжуулсанчлан сүм бүхэлдээ шатаагүй, зөвхөн дээврийн хэсэг нь шатсан гэдгийг албаныхан онцолж байна. Түймэрт католик шашны сүмийн модон орой болон дээвэр шатсан ч, гал сөнөөгчид үндсэн хоёр цамхаг болон фасадыг үнсэн товрог болохоос аварчээ. Парис хотын дарга Анна Идальго твиттер хуудастаа сүмд хадгалагдаж байсан гол урлагийн бүтээлүүд болон үнэлэгдэшгүй ховор шашны эд зүйлсийг хамгаалж чадсан гэдгийг бичсэн байв. Гэхдээ галыг унтраахад их хэмжээний ус ашигласны улмаас олон зуун жилийн настай чулуун байгууламжид ус шингэснээр нурах аюул нүүрлэж магадгүй байгаа аж. Тиймээс аврагчид сүмийн үзмэрүүдийг шилжүүлж, сүмийн ойр орчимд амьдардаг иргэдийг нүүлгэж, ойролцоох замуудыг түр хугацаагаар хаажээ. Дэлхийн соёлын өв устаж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, сүмийн байдалтай биечлэн танилцсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид зэрэг төр засгийн тэргүүнүүд болсон явдалд гүнээ харамсч буйгаа илэрхийлээд байна. 

100 сая евро хандивлахаа мэдэгджээ

Галыг унтраасны дараа Ерөнхийлөгч Э.Макрон амь биеэ үл хайхран үүргээ гүйцэтгэсэн гал сөнөөгчдөд талархал илэрхийлжээ. Мөн Нотр дам сүмийг сэргээн засварлах ажилд зориулж хөрөнгө босгоно гэдгээ амласан байна. Түүнчлэн, хэд хэдэн хувь хүн, байгууллага хандив өгөхөө зарлаж, ердөө нэг хоногийн хугацаанд сая, сая евро цуглараад байгаа аж. 

Хамгийн түрүүнд “Gucci”, “Yves Saint Laurent” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг “Кering” группын ерөнхий захирал, тэрбумтан Франсуа Анри Пино сүмийг сэргээн засварлахад зориулж, 100 сая еврог хандивлахаа “Франц пресс” агентлагаар дамжуулан мэдэгджээ. Үүний дараа “Louis Vuitton”, “Sephora” зэрэг брэндийн эзэмшигч Бернард Арнолтын гэр бүл болон түүний LVMH компани хамтран 200 сая евро хандивлахаа мэдэгдсэн бол Францын “Патритойне”  сан хандивын аян өрнүүлэхээ зарлажээ. 

“Парисын эх дагины сүм”-ийн тухай товчхон...

Дундад зууны үеийн архитекторын хосгүй бүтээл Нотр Дам сүмийн барилгын ажил 1160 онд эхэлж, 1260 оныг хүртэл 100 жил үргэлжилжээ. Сүмийн өндөр нь 35 метр, урт нь 130 метр, өргөн нь 48 метр, хонх өлгөсөн цамхгуудын өндөр 69 метр, зүүн цамхаг дахь Эммануэл хонхны жин нь 13 тонн. Үүнээс гадна зургаан тонноос 700 килограмын жинтэй есөн хонх байдаг. Нотр Дам сүмд 1600-аад оны үеийн уран зургууд, Францын Луй хааны 1238 онд Византын Эзэнт гүрнээс авчирсан шашны дурсгалууд, Есүс Христ цовдлохоос өмнө түүний толгойд нь зүүж байсан гэх “Өргөст титэм” зэрэг олон зуун түүхийн үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг. 1790-ээд онд буюу Францын хувьсгалын үеэр уг сүм хамгийн их сүйтгэгдэж, хүмүүс сүм дотор байрлуулсан шашин, урлагийн бүтээлүүдийг ихээр эвдэн сүйтгэсэн юм. Үүнээс хойш 1963, 2000-аад оны үед сүмийг сэргээн засварлаж байжээ.  

Сүмийн барилгыг тухайн цаг үеийн нэртэй архитекторч Пьер де Монтрёй, Жан Батист Лассю, Жан де Шелль, Жан ле Бутейе, Раймон дю Тампль, Жан Рави зэрэг хүмүүсийн оролцоотойгоор барьжээ. Гэхдээ барилгын ур хийц, дотоод зохион байгуулалт дэлхий даяар алдаршихад алдарт зохиолч Виктор Хьюгогийн “Парисын Дахь эхийн сүм” зохиол ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Зохиолч алдарт романаа 1831 онд бичсэн бол үүнээс 100 гаруй жилийн дараа буюу 1991 онд сүмийг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэж байсан аж. Сүмийг сонирхохоор жилд 13 сая жуулчин Парисыг зорьдог байна.