ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хачигт хазуулвал амь насанд аюултай

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-16

Хачгаар дамжих халдварын тохиолдол эмнэлгийн байгууллагад бүртгэгдэх нь ихэсжээ. Сүүлийн хоёр  жил хачгийн халдвар  ихээр тархаж, 2017 онд Говь-Алтай аймагт  хоёр ч хүн  нас барсан тохиодол бий.  Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ний өдрийн байдлаар 20 аймгийн 58 сум, нийслэлийн найман дүүргээс мэдээлэл авахад 118 хачигийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аж. Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудад хачгийн халдвар ихээр гардаг бөгөөд  гуравдугаар сараас хачиг ичээнээсээ гарч долдугаар сарын дунд үе хүртэл халдвар үргэлжилдэг. Хачиг нь  малын болон ойн гэсэн хоёр төрөл байдаг. Ой хээрийн хачиг ичээнээс гараад, өвс ургамлын толгой дээр байдаг. Гуравдугаар сараас боловсорч эхлээд,  зуны улиралд их халддаг байна. Хачгийн халдвараас урьдчилан  сэргийлэхийн  тулд  вакцин хийлгэх ёстой аж.  Хамгийн гол нь иргэд ой хээрээр явахдаа хачиг харагдахуйц цагаан эсвэл,  тод өнгийн,битүү хувцас өмсөх, нүдний шил зүүх,  малгай,  усны гутал  өмсөх хэрэгтэйг  Эрүүл мэндийн  яамнаас анхаарууллаа.  Хачиг нь хүний толгой, үс, чихний арын хэсэг, суга,  цавь, бэлхүүс, хүйс,  өвдөгний тахимд ороод нуугдчихдаг учир  биеийн нимгэн арьстай,  хөлсөрхөг хэсгийг сайтар шалгах хэрэгтэй.  Ялангуяа эмэгтэйчүүдийн үсэнд орж шигдэхээр харагддаггүй. Мөн  малчид өдийд ямаагаа самнадаг  учир халдварт өртөх  магадлал өндөр  байх аж. Мал  төллөлтийн үеэр тамир муутай  ишиг хургыг гэртээ арьс, эсгий дэвсээд ахуйтайгаа хольчихдог. Хүүхдүүд  нь төл  малтай тоглож, хачигт халдвараар  өвчлөх  тохиолдол их байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  анхаарууллаа.