ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нүүрсчид”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-17

Засгийн газар энэ сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаараа Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг барихаар болсон. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр болсон. Гүйцэтгэгчийг “Тавантолгой төмөр зам” компани удахгүй тодруулж, 2021 онд ашиглалтад оруулахаар болсон талаар Засгийн газраас мэдээлж байсан юм. Түүний хажуугаар  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажлыг энэ жил эхлэхээр болсон.  Энэ шийдвэр гарснаас хойш “нүүрсчид” мушгиж болох бүхий л аргыг ашиглаж, мушгин гуйвуулж, жадлан эсэргүүцэх болов. Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барихыг эрс эсэргүүцэн, “чичирч” дайрав.  Тэрбээр “Урагшаа явсан Гашуунсухайтын төмөр замаа шийдээгүй.

Далангийнх нь хэрүүл дуусаагүй. Идэж уусан улсууд нь зугтаж алга болсон. Энэ асуудлаа эхлээд шийд. Тэгэж чадаагүй байж зүүн тийшээ дахиад 400 гаруй км төмөр зам барина гээд ороод ирж байх юм. Ийм юм байхгүй ээ нөхөд өө...Зүүн тийшээ Зүүнбаянгийн төмөр зам барих асуудал ярих шаардлагагүй” хэмээн цамнасан. “Нүүрсчид”-ийн ярьдаг ганц сэдэв нь энэ. Овоолсон шороо, төмөр зам барих мөнгө шамшигдуулсан гэх мэт.  Эцэстээ амны уншлага болж, ард иргэдэд таалагдах ганц хэрэглүүр болсон “овоолсон шороо”, “280 сая ам.доллар идсэн” гэдэг яриа нь үнэнд гүйцэгдэж, худлаа болох нь мэдэгдэж эхэллээ. Одоо ч мэдэгдсэн юм биш, гурван үсэгтэй компанийг үхэн хатан хамгаалдаг, тэдний гэх тододголтой бүлэг харлуулагчид ингэж “гуаглаж” эхэлсэн үед худлаа гэдэг нь мэдэгдсэн. МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Улмаар Засгийн газраа байгуулахад Зам тээврийн сайдаар Н.Ганбат томилогдож байлаа. Тэгвэл 2017 тавдугаар сарын 18-ны пүрэв гарагийн чуулганы үеэр О.Баасанхүү гишүүн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн даланг овоолсон шороо мөн эсэхийг асуусан юм. Хариуд нь Н.Ганбат “Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн доод хэсгийг Чингис бондын 200 сая ам.долларын санхүүжилтээр барьсан. 86 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.

Энэ овоолсон шороо биш. Монголд анх удаа нэгдүгээр зэргийн төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани “Энержи ресурс” компаниас хүлээж авч, үргэлжлүүлээд явж байна. 2014 онд санхүүжилт дутуу өгсний улмаас зогссон” хэмээн хэлж байлаа.  Баянхонгорт “царцаа нүүлгэж” байж саарал ордонд саатаж, гурван үсэгтэй компанийнхаа эрх ашгийн төлөө дуугарах эрхтэй болсон Л.Элдэв-Очир гишүүн энэ яриаг мартсан гэж бодохгүй байна. Төмөр замын ажлын гол бүтээн байгуулалт нь сайн чанарын далан босгох гэдгийг ч тэр мэдэж байгаа. Гэвч албаар жадлан эсэргүүцэж байна. Түүнээс гадна, эрхэм гишүүнтэн телевизид өгсөн ярилцлагадаа “Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барих нь хорлон сүйтгэх ажиллагаа. Сайншандын аж үйлдвэрийн парк бол луйврын төсөл” гэх мэтээр ярьжээ.  Энэ хүнд төмөр замын талаар түй ч ойлголт алга. Зүгээр л эсэргүүцэх даалгавартай учраас эсэргүүцэж байна гэж харагдлаа.  Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан өөр нэг хүний яриаг иш татъя. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам  маш өндөр ач холбогдолтой. Энэ төмөр замыг тавьсанаар эдийн засгийн талаасаа гурван боломж нээгдэж байгаа. Нэгдүгээрт, шинэ гарц нээж байна. Манайх зөвхөн Хятад руу чиглэсэн л гарцтай байсан. Тэгвэл энэ төмөр замыг тавьсанаар алс дорнод руу чиглэсэн гарцыг нээж өгнө. Хоёрдугаарт, дотоодын металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавина. Үндсэн түүхий эдээ гол бүс нутагтаа аваачих нөхцөл бүрдэнэ.  Сайншанд, Улаанбаатар, цаашлаад Дархан, Эрдэнэт рүү гол түүхий эдээ авчрах боломжийг энэ төмөр зам бий болгоно.  

Өнөөдөр бид Хятадын Баяннуур гэдэг аймагтай л харилцаж байгаа. Гэтэл хажууд нь Бугат байна. Металлургийн том үйлдвэрүүд тэнд байгаа. Өнөөдөр ганцхан Баяннуурынхны л аманд орчихоод байна.  Тэгвэл Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замаа барьчихвал Бугат руу ч гаргах боломжтой болно” гэж ярьсан.  Үнэн байдал ийм л байна. Төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгойн IPO-г жадлан эсэргүүцдэг, олонд танигдаж, сонгуульд өрсөлдөх боломж хайсан нэг “мод” бас байна. Л.Наранбаатар гэсэн байх аа. Өөрийгөө бас эдийн засагч гээд байгаа юм аа. “1072 хувьцааны ноглол ашгийн хулгайг зогсооё”, “Биднийг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа гацааж, шал хэрэггүй, зах зээлгүй, тээвэрлэх ачаагүй, өртөгөө нөхөх тооцоо, ТЭЗҮ-гүй Зүүнбаянгийн 420 км төмөр замыг цэрэг, жоотуугаар балбаж суух зуур бид зах зээлгүй болох нь ээ! Тэр цагт Таван толгой ч тэр, төмөр зам ч тэр хэрэггүй хог болно. Сэрээч!” гэх мэтээр твиттер хуудсаараа зогсоо зайгүй балбаж эхэлсэн. Өмнө нь IPO гаргах зөвлөх үйлчилгээнд зориулж 100 сая ам.доллар ашгаасаа өгөх гэж байна гэж баахан попорсон. Ердөө л нэг зөвлөгөө авахын тулд ийм их мөнгө зарах хэрэг байхгүй гэх мэтээр “хуцаж” байсныг нь санаж байна. Мань хүн  андеррайтерын үйлчилгээ гэж юу болох, IPO гаргаж олсон ашгаасаа төлдөг гэдгийг иргэд мэдэхгүй, өөрийг нь шүтэж биширнэ гэж бяцхан оюундаа тунгаахгүй юу. Гэтэл гай газар дороос гэгчээр учир начрыг тайлбарлах хэвлэл мэдээлэл гараад ирж. Ингээд эхний “поп дуу” нь хит болохгүй болохоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг шүүрч авч, хүмүүсийн ганц нэг үг, яриаг мушгиж, өөр нэг “поп дуу”-гаа хит болгохоор зүтгэж эхэллээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх, энэ хавар эхлэх талаар Засгаас аль хэдийнэ шийдвэр гарсан. Тэрийг олж уншаагүй эдийн засагч байгаа бол зүгээр наад нэрийнхээ өмнө бичээд байгаа “Эдийн засагч” гэдэг тодотголоо баллуурдааж хая. Зөвхөн төмөр замаа бариад зогсохгүй дөрвөн эгнээ автозам шинээр барих шийвэр ч гарсан. Тэрийг ч бас хүмүүс олоод уншиж байгаа даа. Тэгэхээр наад “поп дуу” чинь хит болохоосоо өнгөрсөн.  Сүүлийн хэдэн өдөр “Бээжингийн хурлын ноцтой мэдээ.  ОХУ-ын Өмнөд Якутад 1.2 тэрбум тонн өндөр чанарын коксжих нүүрсний уурхай хүчин чадлаа огцом нэмэгдүүлж, Хятадын коксжих нүүрсний зах зээлээс Монголыг шахахаа мэдэгдлээ” гэж ирээд л цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ дуулгахын өмнө хонх цохидог аятай л баахан попорлоо. Бээжин хотноо энэ сарын 10-11-нд болсон "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл" сэдэвт олон улсын чуулган болсон. Хуралд очиж оролцсон хүмүүс “ОХУ Монголыг өөрийн өрсөлдөгчөө хэмээн үзэж, нүүрсний зах зээлд "ах, дүү"-гийн ёсоор бус бизнесийн зарчмаар ажиллана гэдгээ хэллээ” хэмээн бичсэн байсан. Л.Наранбаатар шиг попорч байгаа хүн алга. Орос гэлтгүй нүүрс зарах гэж байгаа бүх улс Монголыг өрсөлдөгчөө л гэж харна.  Нөгөө талаар хуралд оролцсон тоймчид “Өмнөд хөрш нүүрс нийлүүлэгч орнууддаа ижил тэнцүү нөхцөл олгохыг эрмэлзэж эхэллээ. Энэ нь Монголын хувьд давуу тал.

БНХАУ коксжих нүүрсний худалдаан дээр аль нэг улсад давуу байдал олгохоос татгалзаж байна. Монголыг харах Хятадын байр суурь өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөж, тэд биднийг илүү стратегийн түвшинд авч үзэх боллоо” хэмээн тоймолж байна.  Одоо наад хий хоосон сүржигнэлээ болио. Чам мэтийн ойворгон, хийрхэгчийг хэн ч тоож дээш нь гаргахгүй, за юу.   Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихын тулд иргэдэд очих 1072 хувьцааны мөнгийг ашиглаж, хүмүүст юу ч өгөхгүй нь гэж итгүүлэх гэсэн башир арга чинь ч явахгүй. Тавантолгой 2018 онд 800 гаруй тэрбумын ашигтай ажилласан. Иргэдэд байгаа 1072 хувьцаанд энэ ашгийг бүгдийг нь хувааж өгөхгүй. Иргэдийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдох хувийг л ногдол ашиг байдлаар өгнө. Үлдсэн мөнгөөрөө Засгийн газар юу хийхээ шийдэх эрхтэй биз дээ. Тиймдээ ч дотоодод амин чухал хэрэгтэй төмөр замаа барья гэж байна. Тэгээд ч энэ мэт олонд танигдах гэж ядсан ядруухан юмнууд хийрхэл ач гэхээсээ хор болдог. Иргэдэд хувьцааны ашиг гэж 25 байна уу, түүнээс ч их байна уу мөнгө өгөөд хэний амьдрал дээшлэх юм. Түүний оронд бүтээн байгуулалтад зарцуулбал улс оронд хэрэгтэй. Харин хийрхэгчид өөрсдөө л нэр олж, багахан танигдаж байвал улс орны эрх ашгийн дээрээс “морь хардаг”. Олон хийрхэгч үүнийг баталж харуулсан. Иргэд ч ойлгож байгаа. Тиймээс гурван үсэгтэй компанийн “гар”-ыг Тавантолгойд дүрэхийн төлөө зүтгэж, нэр олох гэж хийрхэгчдийг хол үсэргэлгүй дараад авахаа мэдэх байлгүй.