ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Хачиг нь хүний биеийн нимгэн арьстай, хөлсөрхөг хэсэгт шигддэг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-17

Хачгаар дамжих халдварын тохиолдол эмнэлгийн байгууллагад бүртгэгдэх нь ихэсжээ. Сүүлийн хоёр  жил хачгийн халдвар  ихээр тархаж, 2017 онд Говь-Алтай аймагт  хоёр ч хүн  нас барсан тохиодол гарч байсан. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМЯ-ны Олон нийттэй харилцах албаны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. 

-Өнөөдрийн  байдлаар хачгаар дамжих халдварын тохиолдол хэр их байна вэ?
-Хачгаар дамжих халдварын тандалтыг Эрүүл мэндийн яам долоо хоног бүр хийдэг. Дөрөвдүгээр сарын 17-ний өдрийн байдлаар 20 аймгийн 58 сум, нийслэлийн найман дүүргээс мэдээлэл авахад 118 хачгийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудад хачгийн халдвар ихээр гардаг бөгөөд  гуравдугаар сараас хачиг ичээнээсээ гарч долдугаар сарын дунд үе хүртэл халдвар үргэлжилдэг. Хачиг нь  малын болон ойн гэсэн хоёр төрөл байдаг. Ой хээрийн хачиг ичээнээс гараад, өвс ургамлын толгой дээр байдаг. Гуравдугаар сараас боловсорч эхлээд, зуны улиралд их халддаг. Хачгийн голомт нь дамжуулагч хачгийн тархалттай холбоотойгоор ой, ойт хээрийн бүсэд илүү  тохиолддог. Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Орхон аймгийн 10 сумаас цуглуулсан хачигнаас боррелиоз өвчний үүсгэгч илэрч голомт байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. 

-Иргэд ой хээрээр явган алхах дуртай болсон, мөн  аялал зугаалгын улирал ч эхэлж байна.  Тэдгээр иргэд хэрхэн урьдчилан  сэргийлэх вэ?
-Зөвхөн аялагчид биш, ой  хээрээр мал амьтны яс, бугын эвэр, жимс ургамал түүдэг  хүмүүс  хачигт халдварт  өр­төх нь их байдаг. Хачгийн халд­вараас урьдчилан  сэргий­лэх вакциныг  тарьдаг. Хамгийн гол нь иргэд ой хээрээр явахдаа хачиг харагдахуйц цагаан эсвэл,  тод өнгийн,битүү хувцас өмсөх, нүдний шил зүүх,  малгай,  усны гутал  өмсөх хэрэгтэй.  Хачиг нь хүний толгой, үс, чихний арын хэсэг, суга,  цавь, бэлхүүс, хүйс,  өвдөгний тахимд ороод нуугдчихдаг учир  биеийн нимгэн арьстай,  хөлсөрхөг хэсгийг сайтар шалгах хэрэгтэй.  Ялангуяа эмэгтэйчүүдийн үсэнд орж шигдэхээр харагддаггүй. Тиймээс малгай заавал  өмсөхийг анхааруулъя. Ой­гоор явж ирээд бие  биедээ үзлэг хийх хэрэгтэй. Явган явахдаа аль болох жим дагаж, өндөр өвс бутнаас зайдуу явна. Мөн  малчид өдийд ямаагаа самнадаг учир анхаарах хэрэгтэй. Манай малчид мал  төллөлтийн үеэр тамир муутай ишиг хургыг гэртээ арьс, эсгий дэвсээд ахуйтайгаа хольчихдог. Хүүхдүүд  нь төл  малтай тоглож, хачигт халдвараар  өвчлөх  тохиолдол их бий. 

-Ямар шинж тэмдэг илрэх вэ? 
-Хачигт энцефалитын  өвч­ний үед халууралт хорд­лого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг. Эмнэлзүйн хүнд хэлбэрээр илрэхээс гадна хүндрэл, үлдэц ихтэй аюултай өвчин шүү дээ.

-Хачигт хазуулсан тохиол­долд  иргэд  яах  ёстой вэ? 
-Эхний ээлжинд биед  хачиг  байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Улмаар  эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна. Хэрвээ эмнэлэг хол байвал, нарийн үзүүртэй хямсаа ашиглаж болно. Хямсаагаар авахдаа хачгийн толгойг огт үлдээж болохгүй. Иргэд биеийг нь авчихаад толгойг нь үлдээчихдэг. Толгойн сорж буй хошууг нь  авахгүй бол  хүний биед  хачигний нян  үлдэнэ гэсэн үг. Мөн  гараар авах,  няцлаж болохгүйг  анхаараарай. Хачгийг авсны дараа спиртээр түлэх, эсвэл  архи,  вискигээр түлж болно. Хямсаанаас гадна утсаар авч болно. Утсаар  авахдаа хачгийн хошуунд нь аль болох ойр зангидаад, удаан болгоомжтойгоор  мушгин татах маягаар авдаг. Дараа нь мөн л спирт иодын уусмал, савантай ус, буцалсан  усаар арчих хэрэгтэй.