ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар яагаад худлаа хэлсэн, хэрхэн яргалуулсан талаараа өргөдөл гаргаж байгаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-17

УИХ-ын пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар С.Зориг агсны хэргийг нягтлах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Л.Энх-Амгалан: Би ОУПХ-ны сүүлийн дөрвөн хуралд их хурлаа төлөөлж оролцлоо. Саяхан болсон хурлын үеэр УИХ-аас Л.Мөнхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг нь Түр хорооноосоо өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байсан гэсэн тайлбарыг хэлсэн. Гэтэл хуралдаанд оролцоод ирэхэд Түр хороо байгуулчихсан байсан. Түр хороо, ажлын хэсэг хоёр чинь нэг байх юм уу. Ямар уялдаа холбоотойгоор ажиллах юм бэ. ОУПХ-ноос энэ асуудалд хэд хэдэн зүйлийг хүсч байгаа. Нэгдүгээрт, нууцад ил болсон материалуудтай танилцах боломжийг олгооч гэсэн. Хоёрдугаарт, гурван шатны шүүхийн шийдвэрийг өгөөч гэсэн. Үүнийг ерөөсөө өгөхгүй байгаа юм билээ. Гуравдугаарт, хилсээр хэрэг үүрсэн гэх гурван хүнтэй уулзах зөвшөөрлийг өгөөч гэсэн хүсэлтүүдийг тавьсан. Үүнийг Хууль зүйн сайдад хэлсэн байгаа. Ингэснээр ОУПХ-ноос шинжээчид томилж дахин шалгая гэсэн юм. Тиймээс Түр хорооны хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол ОУПХ-ны тавьсан энэ гурван асуудлыг шийдэх юм. Хамгийн гол нь энэ хэргийн захиалагч нь хэн бэ гэдэг юм. Түр хорооны гол үүрэг захиалагчийг л олох юм. Энэ талаар ямар нэг төлөвлөсөн юм байна уу. ОУПХ болон УИХ-аас ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа вэ?

Ц.Нямдорж: Энэ хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж арай гэж нууцаас гаргасан. Өөрөөр хэлбэл ТЕГ-аас гаргасан гэсэн үг. Ингээд Улсын Ерөнхий прокурорын газарт өгсөн. Ил болгов гэсэн дардастай. Тэгсэн хэрнээ УЕП-ын газрын хуучин удирдлага огт үзүүлэхгүй гэж хав дарсаар өнөөдрийг хүрсэн. Шинэ прокурор нууцаас гаргасан асуудалтай хууль журмын дагуу танилцах боломжийг олгох байх. Үүнтэй танилцчихвал худлаа гэдгийг нь дотор нь биччихсэн байгаа. Ил болсных нь дараа тэр гурван шийдвэртэй дахин дахин танилцаж үзсэн. Энэ хэргийг будлиантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаан одоог хүртэл хав дарж байна. Нууцаас гаргасан асуудалтай танилцахад хууль зөрчих зүйл байхгүй. Одоогийн их хурлын баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн нууцад хамааруулсан бөгөөд, задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц мэдээллийг төрийн нууц гэнэ гээд тодорхой бичсэн байгаа. Гэтэл тодорхой хэргийн асуудлыг нууцалсан нь дэндүү балмад явдал болсон юм. Хуульдаа ч харш. Тиймээс энэ асуудлыг ОУПХ-ны хүмүүст танилцуулж болох байх гэж бодож байгаа. Би ОУПХ-ны гишүүдтэй 2016 онд хоёр удаа уулзсан. Тэр хүмүүс Монголд долоохон хоног ажиллаад явсан. Тэр хүмүүсийн мэргэжлийн ур чадвараар би үнэхээр бахархсан. Монголын хуульчдаас маш их ичсэн. Одоо бидний яриад байгаа энэ асуудлыг 2016 оны илтгэх хуулсанд бүгдийг нь тэд биччихсэн байгаа. Биднээс илүү судалчихсан байгаа. Ирэхэд нь ял эдэлсэн хүмүүстэй уулзуулахад болохгүй зүйл байхгүй. Ажлын хэсгийн тухайд энэ хэрэгтэй холбоотой бусад асуудлыг ажлын хэсэг нь судалж, Түр хороо зөвхөн энэ хэргийн шийдвэрийг нягтлах юм. Өөрөөр хэлбэл, яаж хууль зөрчсөн, хэрхэн эрүүдэн шүүсэн, яаж хилсээр хэрэг хүлээлгэсэн бэ гэдгийг л тодруулахад анхаарна гэсэн үг. Эрүүдэн шүүсэн нь үнэн шүү дээ. Хуурамч материал бүрдүүлсэн нь үнэн. Энэ ажлын хэсэг дахиж Монголын түүхэнд ийм балмад хэрцгий явдал болохыг таслан зогсооход нөлөө бүхий саналыг боловсруулж, УИХ-д танилцуулах ёстой. 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн. Зөвхөн ял эдэлж байгаа гурван хүнд ч бус, ар гэрийнхэнд маш их дарамт учруулсан. 70, 80 настай хүмүүст гар утсыг нь чагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Г.Занданшатар: Ажлын хэсгийг татан буулгаж болно.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Бичлэгийг хэнд үзүүлж, хэнд үзүүлж болохгүй хэн нь шийдээд байгаа юм бэ. Яагаад олон нийтэд ил болгох байгаа юм бэ. Шинэ нөхцөл байдал бий болж эрүүдэн шүүж энэ хүмүүс ял үүрүүлсэн байна гэдэг нь ойлгомжтой байхад энэ хүмүүсийг яагаад суллахгүй байгаа юм бэ. Хэзээ суллах юм бэ. Ял авсан хүмүүс манай Орхон аймгийн иргэд байгаа юм. Ар гэрийнхэн нь маш хүнд байдалд байгаа. Шинэ мэдээллүүд гараад байна шүү дээ. Хэрэг хийсэн хүмүүсийг машинаараа хүргэж өгсөн гэх хүн ч гараад ирлээ. Энэ хүмүүст хилсээр ял тулгасан нь үнэн болж байгаа нь харагдаад байхад яагаад суллахгүй байгаа юм бэ. Нууцлалаас гаргахыг нь хэн шийдэх юм бэ.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Олон нийтэд бичлэгийг үзүүлэх эсэх асуудлыг Түр хороогоор дахин авч хэлэлцэх байх. Миний хувьд олон нийтэд үзүүлэхэд гэмгүй л гэж үзэж байна. Мөн хуулийн шүүхийн байгууллагын ажилчдад энэ бичлэгийг үзүүлнэ гэж бодож байгаа. Том зааланд нэг дор цуглуулж үзүүлээд, дахин ийм зүйл хийхгүй шүү гэдгийг нь хатуу анхааруулах шаардлагатай. Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан хийгээд ял эдэлж байгаа хоёр хүнийг суллах боломжтой. Үүнийг  хийлгэхгүй нэг ч гэсэн өдөр хожих гэсэн сонирхолтой хүмүүс бий. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын таван шүүгч хуралдаад энэ шийдвэрийг гаргачихсан. ТЕГ, УЕП-ын хуучин удирдлагууд энэ асуудалд орооцолдчихсон учраас замд нь элдэв саад хийгээд болохгүй байна. Би энэ асуудлыг өдөр бүр ярьж байгаа. Уг нь хуульдаа гэмгүй хүнийг нэг минут ч саатуулах эрхгүй. Болдог бол өнөөдөр ч гэсэн суллах юм сан. Захиалагчийн талаар бүх зүйл нь Ц.Амгаланбаатарыг таслан шийдвэрлэх тогтоолд байна билээ. мөнгө төгрөгний асуудал нь байна билээ. Гэтэл үүнийг нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгочихоод, энэ гурван хүнд ял өгчихсөн байна. Зуучлагч нь худлаа юм бол хэрэгт холбогдсон хүмүүс нь бас худлаа болж таарна шүү дээ. Яагаад Ц.Амгаланбаатар гэж хүний үгээр хуулийн шийдвэр гаргаад байгаа юм бэ. Ц.Амгаланбаатар яагаад худлаа хэлсэн, өөрөө хэрхэн яргалуулсан талаараа өргөдөл гаргаж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 

Түр хороонд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг оногдохгүй. Өмнөх ажлын хэсгээс ямар ялгаатай вэ? 

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Түр хороо зарим зүйлд орохгүй. Түр хороо ил болгосон таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үзэхэд ерөнхийдөө дүн гарчихна. 

“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан завсарлав.