Токиогийн олимпын тэмцээнүүдийн хуваарь гарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-17

Хүн төрөлхтний хамгийн том наадам болох зуны ээлжит олимп 2020 онд Японы Токио хотод болно. Тэгвэл  2020 оны Токиогийн олимпийг зохион байгуулах хорооноос 17 өдөр үргэлжлэх олимпийн наадмын нарийн хуваарийг зарлалаа. Спортын 32 төрлөөр болох олимпийн наадмын нээлт Японы Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 24-нд болох бол хаалтын ёслол наймдугаар сарын 9-нд орон нутгийн цагаар 20:00-23:00 цагийн хооронд болно.

Эхний тэмцээн уралдаан эмэгтэйчүүдийн софт-болл Фукушима мужид долоодугаар сарын 22-нд өглөө 9 цагт эхлэх юм байна. Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 25-д эхэлнэ.

Нийт 26 төрлийн финалын тоглолтууд наймдугаар сарын 2-ны ням гарагт болох бол, хаалтын ёслолын өмнөх өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр бэйсболл, эрэгтэйчүүдийн хөлбөмбөг, эрэгтэйчүүдийн сагсан бөмбөг зэрэг спортын 30 төрөлд хаалтын тоглолт болно.

Харин эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн марафон гүйлтийг хэт халуун өдрүүдээс холдуулахын тулд наймдугаар сарын 2, наймдугаар сарын 9-нд тус тус зохион байгуулах аж.  Мөн эрэгтэйчүүдийн 50 км-ийн алхаа наймдугаар сарын 8-нд болно.

Харин  Олон улсын боксын холбооны үйл ажиллагаа зогссон тул боксын тэмцээн уралдааны товыг гаргаагүй байгаа юм байна.