ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УСУГ-ын дарга Ц.Төрхүүд тавих гурван асуулт

O.Admin
2019-04-18

-Химийн бодис, хүний бохиртой урвалд орсноос хүчтэй хий ялгарсан уу-

 

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн Түүхий үлдэцийн насос станцын бохирын шугамаар хий алдагдсаны улмаас дөрвөн хүн газар дээрээ нас барж, таван иргэн Цэргийн төв госпиталд хүргэгдэн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Үүнээс гадна, нэмж хоёр хүн нь бохирын шланк цэвэрлэж байхдаа хордлого авсан учир хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хордсон болон нас барсан хүмүүс 30-55 насныхан байсан бөгөөд зарим нь засварчнаас ээлжийн инженер болтлоо туршлагажсан, зарим нь ажилд ороод дөнгөж нэг сар болсон залуус байжээ. Тэдний дунд хоёр ихэр хүүхдийн аав ч байж. Тэгвэл энэ харамсалтай хэргийг нийслэлээс гарсан ажлын хэсэг шалгаж, Төв цэвэрлэх байгууламжийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Лаг хүлээж авдаг насос станцыг 48 цагийн дотор хэвийн байдалд эргэн оруулахын тулд дүүргүүдийн болон Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид шөнөжин нойргүй ажиллаж байгаа. Алдагдсан хийг саармагжуулсан хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байгаа ч хий эргэж алдсан хэвээр байгаа учраас ажилчид нь түүхий үлдэцийн насос станц руу ороход хүндрэлтэй байгааг эх сурвалж хэлж байх юм. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг осол болсон газарт ажиллаж, хий яагаад алдагдсан, ослын нөхцөл шалтгаан юу байсныг тодруулж байгаа.

Гэвч тоймтой мэдээлэл өгөөгүй. Өдөр тутамдаа бохир хүлээн авч байсан насос станцын шугам яагаад тэр өдөр хий алдсан, үргэлж тийм хүчтэй хийтэй байдаг уу гэх мэтээр судлах, тогтоох ажил ч олон байгаа. Ослоос үүдэж, 50-60 см зузаан лаг хуримтлагдаад байгаа бөгөөд үүнийг бүрэн арилгаж дууссаны дараа ослын шалтгаан нөхцлийг илүү тодорхой болгох юм байна. Хэвлэл мэдээлэл бүр өөр, өөрийн өнцгөөр дүгнэлт хийж, хариуцлагыг нэхэж байгаа ч энд УСУГ-ын дарга эсвэл Төв цэвэрлэх байгууламжийн дарга, инженер, ХАБ-ын инженерийг буруутгаад өнгөрч боломгүй. Нэг удаагийн том осол энэ салбарт эрс өөрчлөлт шинэчлэл хийх цаг болсныг харууллаа. Нөгөөтээгүүр, осолтой холбогдуулж гурван чухал асуудлыг зайлшгүй хөндөж, Ц.Төрхүүгээс асуумаар байна. 

 

Хүнийг шууд үхэлд хүргэх хий хаанаас ирсэн бэ 

Энэ бол хамгийн ноцтой асуудал. УСУГ-ын дарга Ц.Төрхүүгийн хэлж буйгаар тус станцад ямар нэг осол гараагүй, өдөр тутмын ажил буюу цэвэрлэгээ, засвар явагдаж байсан гэх. Тэгэхээр бусад өдрүүдэд ч засварын ажил явдгаараа явдаг, асуудал үүсдэггүй байсан гэж ойлгож болно. Гэтэл тэр өдөр хүнийг үхэлд хүргэх ийм хүчтэй хий хаанаас, ямар газраас ирэв гэдэг нь сонин. Үйлдвэрлэлийн ослоос амьд үлдсэн хүмүүст шинжилгээ хийж үзэхэд “Олон хийн холимог хордлогод орсон” гэсэн хариу гарсныг Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн их эмч Д.Оролзод хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэгэхээр химийн хүчтэй бодис хоолойгоор урсаж ирэхдээ хүний өтгөн шингэнтэй урвалд орж, улмаас станцын шугам задраагүй байхад хаалтаар алдагдах хэмжээний хүчтэй хий болжээ гэж хардах үндэслэл болж байгаа юм. Тухайн өдөр үйл ажиллагаа явуулж байсан арьс ширний үйлдвэрүүд энд буруутай байж ч магадгүй. Мөн химийн бодис хэрэглэдэг өчнөөн олон үйлдвэр байгаа бөгөөд эдгээр үйлдвэрүүд химийн бодисыг шугамаар урсгаж, тэр нь урвалд орохдоо хүнийг үхэлд хүргэх метан хий ялгаруулсан уу гэдгийг судлах ёстой болох нь. Тус шугамаар өдөр тутамд ирж байдаг хүний өтгөн шингэнээс ялгарч буй хий ийм хортой байсан гэдэгт мэргэжлийн хүмүүс байтугай энгийн иргэд ч итгэхгүй байгаа билээ. Тиймээс мэргэжлийн хүмүүсийг багтаасан гэх ажлын хэсгийнхэн энэ асуултад зайлшгүй хариулт олох ёстой болно. Хэрвээ арьс ширний үйлдвэр болон бусад химийн бодис ашигладаг үйлдвэрүүдийн хайхрамжгүй, харицлагагүй байдал байгаа бол шууд болон шууд бусаар хариуцлага хүлээхээс өөр аргагүй. Нийслэл хотыг тойрч бүчсэн эдгээр үйлдвэрүүд маш хүчтэй химийн бодисыг үйлдвэрлэлдээ ашигладаг талаар олон удаа хөнддөг. Гэвч үгүйсгээд өнгөрдөг нь худлаа биш. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжийн шугамаар очсон энэхүү хий яагаад үхэлд хүргэх хэмжээний хүчтэй байсныг мэргэжлийн хүмүүс судалж, иргэдэд ч нэг мөр ойлголт өгөх шаардлагатай. Үүнээс гадна, Төв цэвэрлэх байгууламж эдгээр үйлдвэрүүдэд өдөр тутамдаа хяналт тавьдаг эсэх, хянадаг албан тушаалтан буюу инженер техникийн ажилтнууд нь тухайн үед хаана байсныг ярихгүй өнгөрч боломгүй. 

 

Хорт хий тархаж буйг хянах төхөөрөмж хаана байв 

Хэвлэлд өгсөн ажилтны яриагаар “Осол боллоо, хүн авраарай” гэж эмэгтэй хүн хашгирсан учраас гадна байсан зарим ажилчид тусламж үзүүлэхээр ороод хордсон байгаа юм. Мөн албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр доор засвар хийж байсан хоёр ажилтан ухаан алдаж унахад араас нь хоёр ажилтан татаж гаргах гэж ороод амиа алдсан. Тэгвэл ажилчдын засвар үйлчилгээ явуулж байсан тухайн станц дотор агаар, орчны бохирдлыг хянадаг төхөөрөмж байсан уу гэдэг асуултыг Ц.Төрхүү болон Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагуудад тавих ёстой болж байна. Химийн салбарын мэргэжилтэн Д-гийн хэлснээр хүнд хортой нөхцөлд ажиллаж буй үйлдвэр болон Төв цэвэрлэх байгууламжийн станц бүрт агаарын чанар, аюултай хий алдагдсан эсэхийг хянах тусгай төхөөрөмж байх ёстой аж.

Улмаар, минут тутамд ХАБ-ын болон ээлжийн инженер хяналт тавьж, хүний амь насанд аюул учруулах хэмжээний хий агаарт тархсан гэх дохио өгсөн тохиолдолд өрөөг суллаж, ажилчдаа нэн даруй гаргах ёстой гэнэ. Энэ бол дэлхий дахинд мөрддөг хөдөлмөр, аюулгүй байдлын хамгийн энгийн дүрэм. Техник технологи хөгжсөн орчин цагт химийн болон аюултай бодистой харьцдаг үйлдвэрүүд тусгай төхөөрөмжийг өдөр тутмын ажилдаа ашигладаг. Учир нь хий бол нүдэнд харагдаж, гарт баригдахгүй. Тиймдээ ч газын хий алдагдаж байгаа эсэхийг тусгай төхөөрөмжийн тусламжтай л мэдэх боломжтой. Томоохон газын ШТС-иудад ч энэ төхөөрөмж байрлах ёстой гэдэг. Тэр ч байтугай утааны хор, тэндээс ялгарч буй хүнд хортой бодисыг ялгаж салгадаг төхөөрөмж хүртэл энгийн хэрэглээнд бүрэн нэвтэрчихээд байна. Харин энэхүү тусгай төхөөрөмж Төв цэвэрлэх байгууламжийн түүхий үлдэцийн насос станц дотор байгаагүй бололтой. Хэрвээ байсан бол яагаад ийм хүчтэй хий ялгарч байгааг инженерүүд нь мэдсэнгүй вэ. Улсын төсвөөр энэ бүхнийг авч дийлэхгүй, тийм боломж байхгүй гэх мэтээр арьсаа хамгаалах олон ч шалтаг, шалтгаан тоочиж болно. Гэвч тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амь нас төхөөрөмжнөөс хямдхан байх ёсгүй. “Өвгөн настай” Төв цэвэрлэхэд өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг болсныг харамсалтай осол дахин нотлон харууллаа. Эдгээр дөрвөн залуугийн үхэл ХАБ-ыг мөрдөөгүйгээс болсон. Ажилтнаа хайрлах, хамгийн наад захын аюулгүй ажиллагааг мөрдлөг болгох талаар Ц.Төрхүү та өнөөдрөөс эхлээд ажилла. 

 

Цэвэрлэх байгууламжийн ажилчдын аюулгүй байдал хаана явна 

Энэ асуултад УСУГ-ын дарга Ц.Төрхүү хариулж чадахгүй байх. Ажилчид нь аюулгүй байдлаа дээд зэргээр хангуулчихаад ажилладаг байсан бол дөрвөн залуу өнөөдөр үр хүүхэдтэйгээ инээж хөхрөөд, хамт олон дундаа ажлаа хийгээд явж байх байлаа. Даанч энэ байгууллагад хүний гараар хийх ажил дэндүү их атлаа, аюулгүй ажлын орчин бүрдүүлэх тухайд дэндүү хангалтгүй байгааг энэ осол харуулав. Хүний өтгөн, шингэн гээд хамгийн муу муухай зүйлтэй зууралдаж байдаг эдгээр хүмүүсийг жилдээ нэг удаа л эмнэлгийн үзлэгт хамруулдаг гэнэ билээ. Гэвч тэрхүү үзлэг нь нүд, шүд татаж үзэх, арьс харж, хэдэн эм, витамин өгөөд л өнгөрдөг гэх. Дотор эрхтэний шинжилгээ тоотой өгч байснаа тус байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нэгэн эрхэм хуучиллаа. Мөн өдөр болгон сүү өгдөг гэдэг ч энэ нь ажилчны эрүүл мэндийг хамгаалах найдвартай арга мөн үү, Ц.Төрхүү дарга аа. Өдөржин баас, шээстэй хутгалдаж, заримдаа шөнөөр дуудагдаж ажилладаг ажилчдаа хүн гэдэг өнцгөөс нь харж, авдаг цалинг нь нэмэгдүүл. Хамгийн хүнд нөхцөлд ажилладаг атлаа тэдний цалин сая төгрөгөөс хол давж байгаагүй аж. Баас, шээстэй хутгалдахдаа ч цагаан маск, шал угаадаг резинэн бээлий хоёроос өөр өмсгөлгүй ажилладаг гэдгийг сэтгүүлчийн хувиар сурвалжилга хийж явахдаа олон удаа харж байлаа.

Ус сувгийн цэнхэр хувцас тэдний хамгаалалт биш. Үс нь эрт унаж, цагаасаа өмнө бууралтаж, арьс нь тийм гэж хэлэхийн аргагүй үгжирч, тэр хэрээр ч наснаасаа эрт энэ хорвоог орхиж буй ажилчдынхаа аюулгүй байдал, ажиллах орчин нөхцлийг нь сайжруулахын тулд яг одооноос ажлаа эхлүүл. Юуных нь 60 жилийн ойн баяр. Дөрвөн сайхан залууг үхэлд хүргэчихээд баярлах шалтгаан байгаа гэж үү. Ерөөс Ус сувгийн салбарт тэр чигээрээ өөрчлөлт хэрэгтэй болсон. Хөхөө өвлийн хүйтнээр ч хамгийн бага цалин авчихаад хөлдөх шахам чичирч суугаа худгийн ус түгээгчийн амьдрал ч энэ бүхэнд хамаатай шүү. Хорт хий ялгарч мэдэх тийм эрсдэлтэй нөхцөлд хошуувч, резинэн бээлий хоёроос өөр хамгаалалтгүй ажиллана гэдэг арай дэндсэн хэрэг биз дээ. Үүнийг төр засаг анхааралдаа авч, ядахдаа л хортой, хүнд нөхцөлд ажиллах хувцас, аюулгүйн баг, өмсгөлөөр бүрэн ханга. Хүний оролцоо байхгүй цоо шинэ технологитой Цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орохыг хэлж мэдэхгүй юм. Харин тэр болтол дахиад хэдэн залуу амиа алдах ёстой юм бэ. Ерөнхий сайдаасаа эхлээд энэ бүхэнд анхааръя. Ус сувгийн салбарт болж бүтэхгүй зүйл олон байгааг энэхүү том осол харууллаа. 2014 онд ч бас харуулж байсан. Тэр үедээ л анхаарчихсан бол ийм зүйл болохгүй байлаа, даанч харамсалтай.  

Б.Эрхэс