ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Нотариатчидаас хуулийн шалгалт авах шаардлагагүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаан Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн үргэлжилж байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Ц.Нямдорж: Хууль хяналтын байгууллагыг улс төржүүлсэн, улс төрийн томилгоо хийсэн явдал маш урхагтай үр дагавар дагуулж байна. Хууль хяналтын байгууллага улс төрийн сонгуульд эрээ цээргүй оролцдог явдал өмнөх сонгуулиудад ажиглагдсан. Хуулийн байгууллагынхан ажил албан тушаалаа далимдуулж бүхний толгой дээр гарах гэсэн хандлага байсан. Энэ бол маш аюултай юм. Одоо томилогдож байгаа хүмүүсийг ийм зүйл хийхгүй байх гэж горьдож сууна. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс хуулийн шинэчлэлийн асуудалд өртөж байгаа. Надад гомдож л байгаа. Сүүлийн үед хуульчид хэт давилуун, албан тушаалын төлөө улайрч байгаа нь илт ажиглагдах боллоо. Улс төрд орж ирэх гэж өмгөөллийн ажил хийдэг хүмүүс ч байна. 

Ж.Ганбаатар: Хуулийг бүхэлд нь дэмжиж байна. НӨАТ-ын талаар асууя. Нотариат бол байгууллага. Нотариат байгууллага учраас НӨАТ-ын падаан бичиж өгнө гэж ойлголоо. Өгөхгүй бол хэн төлж өгөх вэ. Үүнийг тодруулж өгөөч.
Ажлын хэсэг: Нотариатын хуульд нотариатаар ажиллаж байгаа иргэнийг ААН гэж хэлнэ гэж заасан байдаг. Тиймээс иргэнээс НӨАТ-ын баримт авах боломжгүй байгаа. Энэ асуудлаар Сангийн яамтай ярилцсан. Нотариатч НӨАТ-ын баримт олгохгүй. НӨАТ олгохын тулд төлбөр дээр нэмж мөнгө авах шаардлагатай болох учраас НӨАТ өгөхгүй. Зөвхөн төлбөрийн баримт өгнө. 

Ж.Ганбаатар: Тэгээд мөнгийг хэн өгөх юм бэ. Татаварын тайландаа яаж тусгах юм бэ

Ажлын хэсэг: Нотариатын тухай хуульд таван нэмэлт өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь НӨАТ-ын асуудал юм. Энд нотариатч зөвхөн төлбөрийн баримт олгох заалт оруулж байгаа.

М.Билэгт: Нотариатын хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Улам илүү чамбайруулах, иргэдэд очих ачааллыг бууруулах шаардлагатай байна. Ж.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. Үйлчлүүлэгчийн НӨАТ-аас хасагдахгүй гэх юм бол ачааллыг нэмэгдүүлж байна. Нотариатын тухай хуульд цахим үйлчилгээ гэж байна. Ямар ч нотариатын мөнгө төлөхгүйгээр цахимаар үйлчилгээ авах боломж байгаа юу.

Ажлын хэсэг: Танхим бол натариатын үйлдэл хийхгүй. НӨАТ-ын баримт олгохгүй. Төлбөрийн баримт олгоно. Нотариатын үйл ажиллагааг зөвхөн хувь хүн гүйцэтгэдэг. Ойролцоо ажиллаж байгаа нотариатчид хамтраад нэг байр түрээслэн үйл ажиллагаа явуулах боломжтой. Улсын бүртгэлийн цахимжилтад төрийн байгууллагууд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Нотариатаар заавал гэрчлүүлэх ёстой зүйлсийг заавал нотариатаар гэрчлүүлнэ. Нотариатч улсын бүртгэлийн байгууллага руу гэрчилсэн материалаа шууд илгээнэ. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх юм.

О.Баасанхүү: Амьд хүний гэрч байхаар үхсэн хүний дэр бай гэдэг. Нотариатчид үнэндээ яг тийм л ажил хийдэг. Эрх зүйн маргаанд цаас нь ориг цаас уу үгүй юу гэдгийг нотолдог болохоос биш тэр цаасанд ямар зорилгоор юу бичсэнийг баталдаггүй. 1990 оноос хойш өмгөөлөгч, нотариатч хоёрыг маш их үзэн ядаж байна. НӨАТ төлөх ёсгүй. Нэртэйгээр нь зомпани гээд оруулчих. Ад үздэг энэ үйлдлээ болих хэрэгтэй. Нотариатчид насны хязгаар тавьдаг. Өөрсдөө хөгширтлөө дарга хийдэг шүү дээ. Нотариатчид НӨАТ, насны хязгаар хосроо болиорой. Нотариатчдаас хуулийн шалгалт авах шаардлагагүй. 

Б.Баттөмөр: Нотариатын байгууллага нь ашиг олох зорилгогүй учраас НӨАТ олгох шаардлагагүй гэж бодож байна. Нотариатаар гэрчилнэ гэж заавал биечлэн очихгүйгээр цахимаар хийдэг болох хэрэгтэй. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролусон гишүүдийн 65 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүллээ.