ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Болорчулуун: Үндэсний зөвлөл гэдэг шагналын албан тушаал биш

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

С.Бямбацогт: Арилжааны телевиз зөвхөн реклам, сурлатчилгаагаар санхүүждэг. Гэтэл Үндэсний телевиз маш олон төрлийн санхүүгийн эх үүсвэртэй. Тиймээс сэтгүүлчдийнхээ ур чадварыг сайжруулахад анхаараарай.

Ц.Даваасүрэн: Д.Өлзийбаатараас бусдыг нь сайн танихгүй юм байна. Нэр дэвшигчдийг харахад улс төрийн нөлөөлөл байна уу гэсэн зүйл харагдаж байна. 

Нэр дэвшигч С.Алтанцэцэг: Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгох юм сан гэж боддог. Үндэсний телевизээр тани мэдэхүйн мэдээллүүд тогтоогүй байна уу гэж хардаг.  

Нэр дэвшигч Н.Жанцан: Намайг үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхэд нь би сэтгүүлзүйн хүн биш яагаад намайг нэр дэвшүүлж байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд зөвхөн сэтгүүл зүйн салбарынхан байх ёсгүй гэсэн. Хэрэв түүхчийн хэрэг байгаа бол чадах юмаараа тусалъя л гэж бодож байна. Үндэсний телевизийг хуулийн дагуу, мэдээллийн тэгш байдлыг хангасан байдлыг хангаж ажиллах талаар анхаарч ажиллана. Үндэсний бахархлыг төлөвшүүлэх талаар анхаарч ажиллана.

Ц.Даваасүрэн: Хүүхдэд чиглэсэн нэвтрүүлэг хийхэд анхаараарай. 

Ж.Бат-Эрдэнэ: Үндэсний зөвлөл гэдэг МҮОНРТ-ийн дээд байгууллага. Хуулиндаа үндэсний радио телевиз хараат, үндэсний эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаа нь нээлттэй байна гэж заасан байдаг. Хуульд заасан заалтууддаа анхаарч ажиллаарай. Томилсон хүнийхээ эрх ашгийг хамгаалах талруугаа явах гээд байдаг. Тиймээс хуулийнхаа дагуу л ажиллаарай гэж хэлмээр байна. 

Г.Тэмүүлэн: Нэр дэвшигчдийг дэмжиж байна. МҮОНРТ гэдэг төрөөс бүх санхүүжилтийг нь гаргадаг, төрийн байгуулсан телевиз. Тиймээс нийгмийг, олон нийтийг гэгээрүүлэх, ёс зүйг бий болгох талаар анхаарч ажиллаарай. Нийгмийг соён гэгээрүүлэх талаар анхаараарай. Үндэсний телевиз гэдэг соён гэгээрлийн төв байгууллага байх ёстой. Хүүхдэд зориулсан сувагтай байх асуудалд анхаараарай. 

Г.Мөнхцэцэг: Сэтгүүлзүйн салбр уналтын байдалд орж байгаа гэж харж байна. Тиймээс сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах талаар анхаарах хэрэгтэй байна. Сэтгүүлчдээ дэмждэг байж л дөрөв дэх засаглал хөгжинө. Сэтгүүлзүйг соошлоос ялгаж салгаж ойлгох ёстой. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэх талаар анхаарч ажиллаарай.

Д.Оюунхорол: МҮОНРТ сүүлийн жилүүдэд эрс шинэчлэл хийж байна. Үзэгчдийн аудит гэдэг зүйлийг анх удаа хийж, ард түмнээр дүнгээ тавиулсан анхны тохиолдол байсныг хараад баярлаж байсан. Өнөөдөр нийгмийн гаж болон үзэгдэл бүхнийг шүүмжлэх сэтгэлгээнээс салж чадахгүй байна. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг сэтгэлгээг байхгүй болгож, соён гэгээрүүлэх талаар анхаарч ажиллаасай. Бид мэдээллийн стрессийн тойргоос гарахад анхаарах хэрэгтэй байна. Ёс суртахууны нэлээд том бодлогыг гаргах хэрэгтэй байгаа юм. Ёс суртахууны хичээлийн сургалтын хөтөлбөрт оруулах талаар анхаарах хэрэгтэй. 

Х.Болорчулуун: Үндэсний зөвлөл гэдэг тэтгэвэрт гарсан шагналын албан тушаал биш шүү. Ихэнх нь тэтгэвэрт гарсан хүн байна. Түүх соёлыг танин мэдүүлэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй.