ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Одонтой ээжүүдийн тэтгэмжийг болиулах ёсгүй гэв

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын мэдээлэлтэй холбогдуулж “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийлээ.Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа “ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “одонтой ээжүүдээд насан туршид нь тэтгэмж олгох нь хэт хавтгайрсан асуудал болж байна. 218 мянган ээжид өнгөрсөн онд 30 тэрбум төгрөг зарцуулсан нь төсөвт хүндрэл учруулж байна. Тиймээс хүн амаа өсгөх бодлого, халамж хоёрыг салгана” гэж байна. Түүний жишээ болгон ярьж байгаачлан 2014 онд хүн амын өсөлт 80 мянга байсан. Харин 2018 онд 70 мянга болж буурсан гэдэгт хүн амын өсөлт, хөгжилд нөлөөлж байгаа бусад үзүүлэлтийг хэлэлцэх нь зүйтэй.

2014 онд хүн ам 2.4 хувиар өссөн нь 2012 онд батлагдсан Хүн амын хөгжлийн сангаас хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох хуультай холбоотой юм. Харин 2017 онд УИХ энэ хуулиа хүчингүй болгочихсон юм билээ. Хүүхдээ дэмжих бодлого тодорхой хэмжээгээр тасалдаж байгаад төр алдаа хийснээ ухарсарлаж өнөөдөр нөхөж олгоод байж байна. 2017 оны хүн амын өсөлт 1.89 байсан бол 2018 онд 1.99 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, хүн ам өсөөд л явж байгаа. Үе үеийн төрөөс гаргаж байгаа хууль үүргээ гүйцэтгээд явж байгаа.

Тэгэхээр Өргөдлийн байнгын хороон дээрээс гарч байгаа байр суурийг одонтой 200 орчим мянган ээж нар санал нэгдэхгүй байна” гэлээ.