ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

news-postseven.com: Иргэншил аваагүй Хакүхо “хөөгдөх” үү, эсвэл...

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-21

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргасан талаар зарим эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Японы хэвлэлүүд ямар өнцгөөс хэрхэн мэдээлж буйг онцлон хүргэж байна.

Хэйвагийн эрин үеийн сүүлчийн башёгоос шинэ ёкозүно төрөх нь. Цаашид 22 насандаа сүмогийн оргилд хүрсэн шинэ од, хамгийн хүчирхэг их аварга Хакүход олон сорилт тулгарах бөгөөд тэр нь шийдвэрлэхэд хялбар байхгүй нь мэдээж. Харүбашёд 15 давж түрүүлсэн 34 настай Хакүхо сүмо бөхийн холбоо, аваргуудын зөвлөлийн анхаарлыг татах болсон юм. Харү башёд түрүүлснийхээ дараа өгсөн  ярилцлагадаа тэрбээр “Би Осака хотод анхны сүмогийн тэмцээндээ орж байлаа. Хэйсэйн эрин үеийн төгсгөлд мөн л энэ хотдоо байж байна. Тэгэхээр Осака бол миний хувьд үргэлж сайхан дурсамж агуулсан, зүрхэнд ойр хот юм. Би анх Хэйсэйн XIII онд сүмод хөл тавьж байсан. Би бол энэ эрин үеийн бүтээл юм. Найман жилийн өмнө Нагояа хотод Японы эзэн хаанаас захидал хүлээн авч байсан нь саяхан мэт. Энэ Хэйсэйн он тоолол бол миний хувьд бүх зүйл минь юм” хэмээж, ордонд цугласан үзэгчдийг алга ташуулан уухайлуулсаны улмаас аваргуудын зөвлөлөөс зэмлэл хүртэж байв. Гэсэн ч, зөвлөл Хакүхог дэвжээний эзэн болгох байр суурьтаа хатуу зогсож байна гэж харж болохоор байна. 

Ингэхийн  тулд түүний ирээдүйг иргэншил нь шийдвэрлэх ёстой. Ояката болж, сүмогийн холбоонд үлдэхийн тулд тэр Японы иргэншил авах шаардлагатай. Гэвч, тэр өнөөдрийг хүртэл иргэншлээ солиогүй  байгаа юм. Үүнийг нь Монголын иргэншилтэйгээр нэг жилийн хугацаанд даваагаа үргэлжлүүлэх хүслээ орхиогүй яваа гэж харах хүмүүс ч байна. Хакүхо Японы иргэншил авахгүй бол жирийн ояката ч болж чадахгүй. Улмаар энэ хэвээр барилдсаар байвал хяналтын зөвлөлөөс “тэтгэвэрт нь гаргах” болно. Ийм тохиолдолд сүмогийн холбоонд ч үлдэх боломж түүнд үлдэхгүй. Тиймээс өнөөгийн нөхцөлд тэр эрээ цээргүй нэгэн болж сүмогоос хөөгдөх  үү, эсвэл эзэнт улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг ёкозүна болох уу гэх эгзэгтэй сонголтын өмнө тулж ирээд байна. 

nikkansports.com: Иргэншлээс татгалзах асуудлаар яриа өгөхөөс зайлсхийв

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ тус улсын Засгийн газарт гаргасан эсэх асуудлаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Тэрбээр энэ сарын 18-нд Токиод болсон сүмогийн барилдаанд оролцсон юм. 

Гэхдээ баруун гарын гэмтлийн улмаас барилдаагүй аж. Тэрбээр барилдаан болж буй талбайд орж ирсэн ч, иргэншлээ солих эсэх талаарх сэтгүүлчийн асуултад “Юу ч ярьмааргүй байна” хэмээж, хариулт өгөхөөс зайлсхийв. 

nikkan-gendai.com: Хакүхо Японд илүү амжилтад хүрнэ

“Тэтгэвэртээ гарсаныхаа дараа Монгол руугаа буцаж улстөрч болмоор байна”. Эдүгээ 34 настай их аварга Хакүхо сайн найздаа ийн хэлж байжээ.  Кёкүшюзан Батбаяр ч Монголоос сүмод барилдаж байгаад, зодог тайлсныхаа дараа эх орондоо улстөрч болсон хэдий ч, Хакүхо өөрийн энэ мөрөөдлөө орхисон байна. Тодруулбал, тэр Монголын иргэншлээс татгалзах хүсэлт гаргасан нь энэ сарын 17-нд тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, тэр Японы иргэн болох бэлтгэлээ эхлүүлжээ. Хакүхо дэвжээний эзэн болохын тулд заавал Японы иргэн болох ёстой. Харин ингэсэн тохиолдолд эх орондоо улстөрч болж чадахгүй. Энэ явдлын дараа Монголын телевизүүдээр “Монголчуудыг ялгаварлаж эхэллээ” гэх яриа гарч эхлэв. Монгол дахь байр суурийн хувьд Асашёорү түүнээс илүү нэр хүндтэй байна. Тэр Монгол эмэгтэйтэй гэрлэж, эх орондоо бизнес эрхэлдэг. Монголын өнөөгийн Ерөнхийлөгчтэй ойр харилцаатайн дээр, Япон асуудлаарх гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн тусгай элчээр ажилладаг. Харин япон эмэгтэйтэй гэрлэсэн Хакүхо “Эх орноо хаясан” гэх хатуу шүүмжлэл хүртэх болсон. Энгийнээр Хакүхо Монголд ялалт байгуулах боломжгүй. Үүнээс үзвэл тэр сүмогоос зодог тайлах байлаа ч, Асашёорюгаас илүү байр суурьт хүрэхийн тулд Монголд биш, Японд амжилтад хүрэх юм.