ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Даваасүрэн: “Эрдэнэт” үйлдвэрээс нэг иргэн жилд зургаан сая төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-21

Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал, зөвлөх инженер М.Даваасүрэнг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буланд урьж, бизнесийн өнөөгийн орчин болон улс орны хөгжүүлэх гарц, арга замын талаар ярилцлаа.

-Манай орны эдийн засгийн өнөөгийн байдал бизнесменүүдэд хэрхэн нөлөөлж байна. Эерэг үү, сөрөг үү.

-Монгол Улсын эдийн засаг маш муу байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль аль нь улс орныхоо хөгжлийг урагш нь ахиулах алсыг харсан бодлого явуулахгүй болжээ. Зөвхөн өнөөдрийг л аргацаагаад байна. Ийм байдлаар улс орон хөгжихгүй. Би 1998 оноос АНУ, Сингапурын хөгжлийг судалсан. Эдгээр улсууд алсыг харсан хөгжлийн бодлоготой. Түүнийгээ яс мөрдөж хэрэгжүүлсэн нь их хөгжлийн хурдыг нэмсэн байдаг. Тэгэхээр бид алсыг харж, эх оронд минь ямар төрлийн үйлдвэрлэл хөгжүүлбэл хэдэн жилийн дараа ашиг олох вэ гэж тооцоолж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдрийн хэдэн төгрөг биш ирээдүйнхээ ашгийг олж харах нь чухал юм билээ. Манай бизнесменүүд ч гэсэн ялгаагүй ингэж алсыг харж, компанийнхаа хэтийн төлөвийг гаргах нь чухал. Би нэг жишээ хэлье. Эрчим хүчний яам 1996 онд “Цахилгаан дамжуулах агаарын шугам тавих зориулалт бүхий 3000 ширхэг гуалин бэлтгэх” гэсэн тендер зарлаж байх юм. Энэ чинь эх орныхоо ой ногоон бүсийг сүйтгэх нь байна шүү дээ. Монголчууд хөгжлийнхөө чиг шугамыг яагаад хардаггүй юм. Үүний төлөө бид тэмцэх хэрэгтэй. Яг энэ үед надад “эрчим хүч дамжуулах шугамыг яагаад бетоноор хийж болохгүй гэж” гэдэг санаа төрсөн. Үүнээс хойш “Ган хийц” ХК олон үйлдвэр байгууллаа. Манай компани төмөр хийцийн 25 хувь, таван жилийн өмнө сэндвичэн хавтангийн 80 хувийг, эрчим хүчний тулгуур багана үйлдвэрлэлээр зүүн бүсийг бүрэн, төвийн бүсийн 25 хувийг хангаж байна. Нэг жишээ хэлэхэд, Цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем байгуулах УИХ-ын тогтоол гарсан. Гэтэл маргааш нь манай компанийн хашаанд хураалттай байсан 7000 ширхэг эрчим хүчний бетонон шонг худалдан авч байсан.

-Аливаа бизнесийг хийх­дээ маргаашаа харж эхлүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгож болох уу.

-Тийм ээ. Бид өнөөдөр ямар бизнес ашигтай байна. Тиймээс бүгд хошуураад, эцэст нь хийж бүтээсэнээ нурааж бүгдээрээ хамт унадаг. Хүн аливааг хийж бүтээж болно. Гэхдээ хэн нэгнийг дагах биш өөрөө сэтгэж бүтээх нь чухал гэж боддог. 

-Та олон үйлдвэр байгуулсан хүн. Ер нь үйлдвэржиж байж л тухайн улс орон хөгждөг гэж би боддог. Манай оронд яагаад жижиг, дунд үйлдвэр хөгжихгүй байна. Шалтгаан нь юунд байна гэж хардаг вэ?

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийг төрийн эрх баригчид хүсэхгүй байхад яаж хөгжих юм. М.Энхсайхан Ерөнхий сайд байхад Төсвийн удирдлага санхүүжилтын тухай хуулинд би саналаа өгч байсан. Даанч тоогоогүй. Жижиг, дунд үйлдвэр гэдэг улс орны хөгжлийн амин чухал эд эс нь гэж хэлж болно. Хэдэн оёдолчинтэй цех, таавчиг хийдэг хэдэн хүнд зээл олгосон нэр зүүчихээд үйлдвэр хөгжүүлж байна гэж бодоод суувал бид хэзээ ч урагшлахгүй. Зүгээр л өөрсдийгөө хуураад яваад байна гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд төр нь олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэмжээний алсыг харсан нэгдсэн бодлогыг гаргаж ирэх нь чухал. Улс орноо таван бүсэд хувааж, аль бүсэд нь ямар төрлийн үйлдвэрийг байгуулах нь ирээдүйд эдийн засгийг дэмжиж, сэргээх үү гэсэн нарийвчилсан судалгаа хэрэгтэй байна. Ийм судалгаа, бодлогоо гаргасаны дараа төр нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаасаа хөрөнгө гаргаж нэг тэрбум төгрөгт багтаан сүүлийн үеийн техник, технологитой үйлдвэрүүдийг бүс нутгуудад байгуулах хэрэгтэй. Төр нь нэгдсэн бодлогоор үйлдвэр барьж, байгуулчихаад, хууль эрх зүйн орчныг нь хатуу болгож, 15-20 жил үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй гэсэн гэрээ байгуулж, менежментийн хувьчлалаар хийж бүтээх гэсэн ард түмэндээ худалдчих. Ингэвэл төр алдагдалгүй болно. Гаргасан зардлаа ч эргүүлээд олоод авчихна. Энэ саналаа УИХ-д олон удаа хүргүүлсэн. Луйварчид нь хувааж идэх гээд тоодоггүй юм. Хэрэв төр үйлдвэржүүлэлтийн ал­сын хараатай бодлого гар­гаж, бүсчлэн хөгжүүлж чадвал луйварчдыг тэжээдэг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө үр ашигтай болж, эрх мэдэл­тэнгүүдийн халаасыг зузаа­лах зориулалтаа өөр­чилж, жинхэнэ эх орны хөгжлийн төлөө зарцуулагдана. 

-Улс орныг бүсчлэн хөг­жүүлэх бодлого гар­гахын тулд гадаадын томоохон эрдэмтэдийг урих уу. Эсвэл монголчууд өөрсдийнхөө ухаа­наар улс орныхоо хөгж­лийн бодлого гаргах уу. Та юу гэж бодож явдаг вэ?

-Ер нь аливаа улс орон 10-20 жилээр төлөвлөсөн бодлоготой байж л хөгжиж ирсэн түүхтэй. Бид үүнээс гажиж болохгүй. Харин өөрсдийн онцлогт тохирсон өөрийн гэсэн хөгжлийн бодлоготой байх хэрэгтэй. Энэ л бодлого манайд үгүйлэгдээд байна. Сингапурын хөгжлийн бодлогыг боловсруулсан Канад эрдэмтэн Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд байхад “Би танай улсын хөгжлийн бодлогыг боловсруулж, 27 жилийн дотор дэлхийн бар болгож өгье” гэж хэлсэн байдаг. Гэтэл тэр хүний үгийг сонсоогүй. Ийм хүмүүсийг сонсох хэрэгтэй. Дэлхийн улс орны хөгжлийн түүхээс суралцах нь чухал. Гэхдээ монгол хүн монгол ухаанаар Монголоо хөгжүүлнэ. Монгол инженерүүд хөгжүүлнэ. Тэд сэтгэж боддог хүмүүс. Өнөөдөр нэг центын алдагдал гаргаад маргааш нэг тэрбум ам.долларын ашиг олох ухааныг инженерүүд л олно. Төрийг удирдахдаа сор болсон инженерүүдээ түшиглэж яв л даа. Тэд эх орноо аврах бурхан нь юм шүү. Ямар ч улс орныг улстөрчид биш инженерүүд авч явдаг.

-Тэгэхээр улс орноо монгол ухаанаар удирдаа л гэж Та хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Монголыг монгол хүн л хөгжүүлнэ. Бид гадаадаас юу ч гуйх хэрэггүй. Алтан дээр суусан гуйлгачин гэдэг үгийг өөрчилж, мартах цаг нь болсон. Их Монгол Улс байгуулагдсан цагаас хойш сэргэн мандаж, доройтож байсан он жилүүдийг эргээд харахад, бид юун дээр алдаж онж явсан юм вэ гэх бодол аргагүй төрөх юм. Шинэ зуун гарсанаас хойш Монгол орноо удирдах чадварлаг удирдагч аргагүй дутагдаж байна. 21- 22-р зуунд Монгол Улсыг баян, түмэн олон нь аз жаргалтай болгож хөгжүүлэхэд зөвхөн монгол ухаан хэрэгтэй юм байна гэдгийг би сайн ойлгож, эх орноо хөгжүүлэх таван зарчим гаргасан. Энэ зарчим бол Монгол улстөр, Монгол эдийн засаг, Монгол гадаад бодлого, Монгол хууль, Монгол хүний хөгжил юм. Бид ингэж Монголоороо сэтгэж байж л хөгжинө. Монгол хүн монголоо хөгжүүлж чадна.

-Та уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс ард түмэн ашиг хүртэх ёстой гэж ярьдаг. Түүний төлөө тэмцэж, үгээ хэлдэг хүмүүсийн нэг. Гэтэл саяхан Засгийн газар “Эрдэнэт”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Төрийн өмчит үйлдвэрийг газар болгож болно. “Эрдэнэт” үйлдвэр бол ард түмний өмч. Үндсэн хуулийн дагуу ингэж хэлэх эрх манай ард түмэнд байгаа. Энэ үйлдвэрийн 49 хувийг луйварчидаас төр салгаж авсан нь зөв. Оросууд энэ үйлдвэрийг барьсаны төлөө авдаг байсан тэр их ногдол ашгийг харин одоо ард түмэндээ төр өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Оросуудын эзэмшиж байсан 49 хувийг гурван сая гаруй иргэндээ хувьцаа болгож өгвөл нэг иргэн жилд зургаан сая төгрөгийн ногдол ашиг хүртэх бүрэн боломж нээлттэй байна. Нэг иргэний зургаан сая төгрөгийг гурван сая иргэндээ үржүүлбэл ямар тоо гарах уу. Тэгэхээр оросууд ганц үйлдвэр байгуулсаныхаа төлөө ийм их мөнгийг зүгээр сууж байгаад “Эрдэнэт” үйлдвэрээс олон жил авч ирсэн. Харин одоо энэ мөнгийг ард түмэндээ өгөх цаг нь болсон гэж боддог. Оросуудад өгч болсон юм ард түмэндээ яагаад өгч болохгүй гэж. Манай ард түмэнд газрын доорхи баялагаасаа ийм хэмжээний ногдол ашиг авах эрх бий. Таван ам бүлтэй нэг өрх жилд гучин сая төгрөгийн ногдол ашиг хүртэх нь ээ. Ингэж ард түмэндээ өгөөжөө хүртээх нь төрийн үүрэг гэж боддог.