ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Цогтбаатар: Гэнэтийн сэтгэл хөдлөлөөр нэг ч үг хэлэхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-23

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хойд Солонгост хандан “өдөөн хатгасан үйлдлээс татгалзаж, АНУ болон Японтой хийж буй хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг уриалсан” гэх мэдээллийг Монголын хэвлэл мэдээллийн сайтууд "NHК" телевизийн дамжуулсан мэдээллээс орчуулан хүргэсэн.

Тодруулбал, Японы "NHК" суваг өнгөрөгч бямба гарагт Гадаад харилцааны сайдтай утсаар холбогдож, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүн муутай байсан талаар ямар байр суурьтай байгааг тодруулжээ. Энэхүү асуултад Д.Цогтбаатар сайд “Урам хугарахгүй байхыг бусад ажиглагч нарт уриалмаар байна. Энэхүү яриа хэлэлцээрийн үе шатыг ахиулахад Монгол Улс дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Монгол-Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа үүссэний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Манай улсын төлөөлөгчид одоо ч Хойд Солонгост ажиллаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн аж.

Тэгвэл өдөөн хатгасан үйлдлээ зогсоо гэх байр суурийг яагаад илэрхийлсэн, энэ нь зөв орчуулга байсан эсэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас сэтгүүлчид тодруулав. Тэрбээр, “Монгол Улс байнга тууштай өөрийн бодлогын дагуу Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудалд оролцоод явж байдаг. Бидний илэрхийлж байгаа байр суурь тогтмол, тууштай байгаа. Гэнэтийн сэтгэл хөдлөлөөр бодлогогүйгээр нэг ч үг хэлэгдэхгүй.

Гурав дахь уулзалт болох ёстой. Нэг, хоёр уулзалт дээр амжилт гарахгүй байж болно. Дараагийн уулзалт дээр амжилт гарч болно. Тэр уулзалт болоход саад болж болзошгүй зүйл аль, аль талаас нь гарч болзошгүй учраас итгэлцлээ бэхжүүлээд явах ёстой гэдэг байр суурийг би илэрхийлсэн. Энэ бол Монгол Улсын албан ёсны байр суурь юм. Зүүн Хойд Азийн аюулгүй байдал энх тайвныг бэхжүүлэх талаар санал хэлээд явна гэдэг аль ч улсын үзэл бодолд нийцэж байгаа зүйл. Дөнгөж саяхан манай Төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-д хоёр талын зөвлөлдөх уулзалтаа амжилттай хийгээд ирлээ. Бидний харилцаа аль, аль талтайгаа эрүүл байгаа” гэсэн тайлбар өглөө.