ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв талбайг барьцаанд тавьсан “Ю Би констракшн” компанийн газар эзэмших эрхийг цуцлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-23

Монгол Улсын том төв цэг болох Сүхбаатарын талбай ихэсдэг болон түүний өмнөх автомашины зогсоол байрлах 2.5 га газрын өмчлөх эрхийг 15 жилээр авсан компани нь өөрийн эзэмшлийн банкиндаа барьцаанд тавьж зээл авсан тухай “Монголын мэдээ” сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл манай сонины нийтлэлийн дараа Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргаснаа өчигдөр олон нийтэд мэдэгдлээ.

Газар эзэмших эрхийг 2006 онд анхлан “Ю Би констракшн” компани авахдаа газар доор зогсоолтой, орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур барина гэсэн гэрээ хийсэн аж. Гэвч энэхүү гэрээ нь байхгүй бөгөөд эзэмшсэн газраа зориулалтын бусаар ашиглахгүй 10 гаруй жил явжээ.

Ингээд 2016 онд Хотын захирагч Су.Батболдтой дахин гэрээ байгуулж, автомашины зогсоол барихаар болсон аж. Ингэхдээ олсон ашгийнхаа 30 хувийг Улаанбаатар хотын төсөвт оруулна гэж гэрээ хийсэн ч “ашиг олохгүй бол мөнгө өгөхгүй” гэдэг заалтыг ч оруулсан байсныг С.Амарсайхан дарга өчигдөр онцлов. Гэрээг шинэчилж хийснээс хойш гурван жил өнгөрсөн ч нийслэлийн төсөвт нэг ч төгрөг оруулаагүй учраас хууль ёсны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар болжээ. 

“Ю Би констракшн” компанид хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөн усан оргилуур барина хэмээн эзэмшсэн атлаа зориулалтын бусаар ашигласан учраас эзэмших эрхийг нь цуцлахаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна манай сонины сурвалжилга, нийтлэлд дурдсанчлан 9.5 сая ам.долларын барьцаанд тавьсан асуудал байгааг ч мэдэгдлээ. С.Амарсайхан дарга хэлэхдээ “Нийтийн эзэмшлийн нойл барих гэхээр газар олдохгүй юм.

Төв талбайг хувьчилж банкны өрөнд тавьчихсан байгаа нь хэрээс хэтэрч байгаа үйлдэл. Тиймээс газрыг улсын мэдэлд авч, жуулчдад хэрэгцээтэй орчин үеийн шийдэл бүхий 00 барина. Доороо зогсоолтой, усан оргилуур байгуулна гэсэн гэрээний үүргээ хоёр жилийн дотор биелүүлэх ёстой байсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газар эзэмших эрхээ зөрчсөн учраас хуулийн дагуу цуцалж байна.

Газраа чөлөөлсний дараа тохижилт үйлчилгээг нийслэл өөрийн хөрөнгөөр тохижуулж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур бүхий, орчин үеийн шийдэлтэй ОО, газар доорх байгууламж барина. Сүхбаатарын талбайг банкны барьцаанд тавьсан асуудлыг тухайн аж ахуйн нэгж өөрөө хариуцах байх. Энэ мэтээр нийтийн эзэмшлийн талбайг өмчилж аваад зориулалтын бусаар ашиглаж байгаа олон газрын тусгай зөвшөөрлийг цуцлах, судлах ажлыг хийнэ” хэмээлээ.

Улсын нийслэлийн төв талбайг хувийн компанид эзэмшүүлсэн гэрээг анх Хотын дарга асан Ц.Батбаяр хийж байсан билээ. Харин дараа нь буюу 2016 онд машины зогсоол болгох гэрээг Су.Батболд хийж байсан аж.  Төв талбайг банкны барьцаанд тавьсан буруутнуудад хариуцлага хүлээлгэх асуудал яригдах нь мэдээж. Харин энэ хэрэгт хамаатах хоёр хүн бол Ц.Батбаяр, Су.Батболд нар гэдгийг ч мартаж болохгүй юм.