ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Билэгт: Уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас нөхөх оролдлого оруулж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-24

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч байсан юм.

Тус хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийг дэмжиж байгаа. Ус бохирдуулсны төлбөрийг авах нь зөв. Сонгууль дөхөхөөр Хан-Уул дүүргээс гарах гэж байгаа нөхөд энэ талаар их ярьдаг л даа. Тэр хүмүүс одоо гарч ирээд яримаар байна. Миний мэдэж байгаагаар Эрдэнэтэд өнөөдөр цөөрөм бий болчихсон бас л тэндээс мал ундаалахад хэцүү. Энэ асуудалд хариуцлага огт байдаггүй юм. Ус корпораци гээд компани болгож өмнөх парламентын үед авлигын үүр болгосон. Ус бохирдуулсны төлбөр дээр маш хүчтэй лобби орж ирдэг. МАН-ын ажлаа хийж ирцээ бүрдүүлмээр байна. Зориуд лоббидоод гишүүд нь орж ирдэггүй. Ирцээ бүрдүүлж байж энэ хуулийн төслийг хэлэлцмээр байна. Энэ хуулийг унагаахаар тохирчихсон юм уу.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хуулийн төсөл нь маш зөв. Дэлхий нийтэд ч гэсэн ус бохирдуулсан л бол төлбөрөө төлдөг зарчим үйлчилдэг. Зарчим ялгаатай байх нь зовлонг бий болгодог. Хэрэв ус бохирдуулагч бүхэн төлбөр төлнө гэж байгаа бол хоорондоо ялгамжгүй байх ёстой. Уул уурхайн чиглэлд ус бохирдуулсны төлбөрийг багасгаж байгаа нь буруу.Гэр хороололд амьдардаг иргэд маань нэг литр усанд нэг төгрөг төлдөг атал уул уурхай эрхэлдэг ААН-үүд нь үүнээс бага төлбөр төлж байгаад гишүүд санал нийлэхгүй байгаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Хуулийн төслийн үзэл баримтлалд ус бохирдуулсны төлбөрийн 50-60 хувиар бууруулахаар заасан байна. Мөн 300 толгойгоос дээш бэлчээрийн малтай малчин өрх, 1 га талбайгаас их хэмжээний газар тариалангийн аж ахуйгаас төлбөр авна хэмээн заасан. Энэ бол хариуцлагагүй уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас татвар авах оролдлого” гэв. Гишүүдийн зүгээс ус бохирдуулсны төлбөрийг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулж байна гэдэг бол уул уурхайн компаниудад эерэг дэмжсэн гэтэл нөгөө талдаа малчдын хувьд их ээдрээтэй ийм асуудал гарах гээд байна гэдгийг хэлэв.

Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулийг 2012 онд батлагдсан. Түүнээс хойш 2015 онд Засгийн газар журам оруулж, буцаагдсан байдаг. Засгийн газар энэ хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн.
Хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.