ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким Жон Ун ОХУ-д айлчлал хийлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-25

БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун ОХУ-д анхны айлчлалаа хийлээ. Тэрбээр 2011 онд эцгийнхээ суудлыг залгамжилж, Умард Солонгос улсыг удирдсанаасаа хойш анхны айлчлалаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард БНХАУ-д хийж байсан бөгөөд түүнээс хойш БНСУ, Сингапур, Вьетнам зэрэг оронд хөл тавиад байгаа юм. Харин энэ удаа ОХУ-д анх удаа айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтай нүүр тулан уулзлаа. Түүний айлчлал бүр өнгөрсөн онд тодорхой болсон хэдий ч, тов нь албан ёсоор зарлагдаагүй байсан юм. Харин айлчлал болохоос нэг хоногийн өмнө түүний Владивостокт хийх айлчлал хэвлэлд тодорхой болсон нь энэ. Ким Жон Ун Москвагийн цагаар уржигдар 10.50 цагт Владивосток хот­ноо хуягласан галт тэргээр хүрэл­цэн ирсэн байна. Түүнийг Владивостокийн төв өртөөн дээр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Харин Владимир Путин өчигдөр өглөө Сибирьт гарсан хээрийн түймрийг унтраах үйл явцтай танилцсаныхаа дараа Чита хотын онгоцны буудлаас шууд Владивосток хотноо хүрэлцэн ирсэн байна. 

Хоёр орны төрийн тэргүүнүүдийн дээд хэм­жээний уулзалт Владивосток хотын Алс Дорнодын их сургуулийн хотхонд болж, тус үйл ажиллагааг олон улсын 300 орчим сэтгүүлч сурвалжилжээ. 

Ким Жон Ун, В.Путин нарын ганцаарчилсан уулзалт 50 орчим минут үргэлжлэх хуваарьтай байсан ч, төлөвлөснөөс харьцангуй удаан буюу хоёр цаг орчим үргэлжилсэн байна. Үүний дараа В.Путин Ким Жон Унтай нүүр тулан уулзахдаа хэлэлцсэн сэдвийнхээ талаар мэдээлэл өгсөн аж. Тэрбээр “Бид дөнгөж сая хангалттай дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Манай хоёр орны харилцааны түүх, хоёр орны өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлвийн талаар ярилцсан” гэжээ. Мөн “Мэдээж Солонгосын хойгийн байдлын талаар ч ярилцаж, нөхцөл байдлыг сайжруулахын тулд цаашид юу хийх хэрэгтэй талаар санал бодлоо солилцсон” хэмээгээд, Москвагийн урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Умард Солонгосын тэргүүнд талархал илэрхийлсэн байна. Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын тэргүүнтэй эхлүүлсэн яриа хэлэлцээр нь цаашид энэ эрчээрээ үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. 

ОХУ-БНАСАУ-ын дээд хэм­жээний уулзалт өндөр­лөс­ний дараа удирдагчид хүн­дэт­гэ­лийн зоог барьсан бөгөөд энэ үеэр зоогт уригдсан бүх зочдод хоёр улсын төрийн тэргүүнийг дүрсэлсэн дурс­га­лын зоосыг бэлэг бол­гон өгсөн аж. Уулзалт өн­дөр­лөс­ний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бүс ба зам” чуулганд орол­цохоор Бээжинг зорьсон бол Ким өнөөдөр эх орон руугаа хөдөлнө. 

Одоогоос 35 жилийн өмнө түүний өвөг эцэг Ким Ир Сен ЗХУ болон социалист орнуудад айлчилж байсан бол эцэг Ким Жон Ир нь 2002 болон 2011 онуудад хуягласан галт тэрэг хөлөглөн Орост айлчилж байжээ. Ерөнхийдөө ЗХУ задран унасны дараагаас хоёр орны харилцаа хумигдаж эхэлсэн байна. Харин 2000 оны долдугаар сард В.Путин Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа Пхеньянд айлчилж, энэ үеэр хоёр талын улс төрийн хэлхээ холбоогоо идэвхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээх талаар тохиролцоонд хүрч байсан аж.