ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад “Бүс ба зам”-аас 64 тэрбум ам.доллар халааслав

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-28

БНХАУ энэ сарын 25-27-ны өдрүүдэд нийслэл Бээжин хотноо “Бүс ба зам” сэдэвт олон улсын форумыг амжилттай зохион байгуулсан билээ. Тус улсын “Нэг бүс, нэг зам” санаачилгын гол санаа нь дэлхий хавтгай, эх газар-далай, хөгжиж буй улс орон-хөгжингүй улс орон, төв болон зах гэх мэт хуваагдмал дэлхийг харилцан холбох агуулгатай. Эл санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд Торгоны зам, Далайн торгоны зам, эдийн засгийн зургаан коридор байгуулахаар төлөвлөж, зарим улс оронтой холбогдох яриа хэлэлцээрийг хийж, эхлүүлсэн байдаг. 

Тэгвэл энэ нүсэр ажлынх нь хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн “Бүс ба зам” олон улсын чуулга уулзалтаас тус улс 64 тэрбум ам.долларыг халаасалж чаджээ. Гурван өдөр үргэлжилсэн уулзалтын дараа тус улсын дарга Ши Жиньпин мэдэгдэл хийхдээ дэлхийн 37 улстай 64 тэрбум гаруй ам.доллын өртөг бүхий гэрээ байгуулсан тухай сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Улмаар хоёр дахь удаагийн чуулга уулзалт дэлхийн улс орны хамтын ажиллагааг хөгжүүлэх тавцан болж буйг онцлон тэмдэглэжээ. 

Үүний зэрэгцээ чуулга уулзалтын бэлт­гэл болон зохион бай­гуулал­тын үеэр талууд Засгийн газар хоорон­дын хамтын ажил­ла­гааны хэлэл­цээр, хамтран ажил­лах төсөл, олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг 283 прагматик үр дүнд хүрсэн байна. “Бүс ба Зам” нь цаг хугацааны чиг хандлагад нийцэж, ард түмний зүрх сэтгэлийг татаж, тэдний амьжиргааг дээшлүүлж, дэлхийн нийтэд үр ашигтай байхыг дээрх үр дүн илэрхийлж байна. Хятад улс хэдий санаачилсан ч,  боломж, ололт амжилт нь дэлхий дахины хүртээл болно. Үүнийг дэмжигчдийн тоо өсч, сайн түншүүд нэмэгдэж, хамтын ажиллагааны чанар сайжирч байгаа нь “Бүс ба зам” санаачилгыг гэрэлт ирээдүй хүлээж буйг уг чуулга уулзалт дэлхий дахинд харууллаа” хэмээн тэмдэглэжээ. Чуулга уулзалтад 150 орон, 90 олон улсын байгууллагын 5000 орчим төлөөлөгч оролцсон юм. Оролцогчид “Бүс ба Зам”-ыг эдийн засгийн хамтын ажиллагааны агуу санаачилга хэмээн сайшаагаад, харилцаа холбоог өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил зэрэг олон салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж буйг онцолжээ. 

Ши Жиньпин эртний Торгоны зам шиг Ази, Европтой Африк тивийг холбосон асар том эдийн засгийн коридор бий болгох зорилготой  “Бүс ба зам” санаачилгыг зургаан жилийн өмнө гаргаж байсан юм. Тус санаачилгыг хүрээнд далайн тээвэр, автозам, төмөр зам гэх мэт томоохон бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд үүнд зориулагдах сая сая ам.долларыг БНХАУ-ын банкууд санхүүжүүлэх учиртай. Гэвч, Хятад энэ санаачилгаараа дамжуулан дэлхий дахин дахь нөлөөллөө тэлэх сонирхолтой, Хятад компаниудад ашигтай эсэх нь тодорхойгүй гэрээ байгуулж, орол­цогч орнуудыг өрийн дарамтад оруу­лан, байгаль орчныг сүйт­гэж байна гэх шүүмжлэл тасар­даг­гүй. Тэгвэл эл шүүмж­лэлд Ши Жиньпин “Нээлттэй, ногоон хөгжлийг дэм­жиж, тогтвортой санхүү­гийн төлөв­лө­гөө­ний дагуу хэрэгжүүлнэ” гэдгээ онцолсон байна. Мөн энэ удаагийн уулзалтаар маш олон орнууд, түнш байгууллагууд тус улсын санаачилгад нэгдэх хүсэлтээ илэрхийлснийг хэвлэлд ярьсан аж. Түүний хэлснээр уулзалтын төгсгөлд есөн орон шинээр нэгдэхээр болсон байв. Тодруулбал, Гвиней, Лебир, Люксенбург, Итали, Ямайк, Перу, Барбадос, Иемен, Кипр улс 21 дүгээр зууны Торгоны замд нэгджээ. 

Харин уг санаачилгыг үл тоомсорлогч орнууд болох АНУ, Энэтхэг болон Европын хэд хэдэн орон энэ удаагийн чуулга уулзалтад оролцоогүй байна.