ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Ц.Пүрэвтүвшингийн дансанд орсон 100 тэрбум төгрөг эхний таван сая ам.долларын төлбөрт явсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-28

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн анхаарал татсан асуудал нь Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эрдэнэсийн сангийн төсөв байлаа. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн маргаанаар Засгийн газар шат шатны шүүхэд удаа дараа ялагдсан учраас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулан, шүүхийн хяналтаас Засгийн газрыг гаргахаар зүтгүүлж байна хэмээн хуулийн төслийг шүүмжлэв. Гэсэн ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Шүүх Үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас ийм өөрчлөлт оруулж байгаа” гэж хамгааллаа. Энэ өдрийн чуулганы хуралдаанаар анхаарал татсан асуудал нь Т.Аюурсайхан гишүүний мэдээлэл байв. Тэрбээр Эрдэнэсийн сангийн төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх нь буруу хэмээн дүгнэж, холбогдох хууль журамд нь өөрчлөлт оруулж маш нууцын зэрэглэлээс гаргах ёстой гэдгийг онцлов. Монголбанкинд хийсэн шалгалтаар гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд байгааг ч дуулгав. Эдгээр зөрчлүүдийг шалгуулж, хариуцлага ногдуулахын тулд Эрдэнэсийн сангийн төсвийг нээлттэй болгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Дээрх төслүүдийг хэлэлцэх үеэр анхаарал татсан байр суурийг түүвэрлэн хүргэе.

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл:

УИХ-ын гишүүн Д.Оюундарь: Сүүлийн үед бид нэг асуудалд зориулсан хууль батлах гээд байдаг болчихлоо. Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг зүйл болох гээд байна. Энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналтай байна. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм уу. Ганцхан кэйсээс болоод л хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд байна уу. 

Засгийн газрыг хууль зөрчсөн гэж жилд хэдэн маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэдэг юм бэ. Шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдол хэр их гардаг вэ.  Хоёр сарын өмнө 1000 орчим хуульчид чуулж, энэ хуулийг бүгд эсэргүүцсэн. Энэ талаар тайлбар өгөөч. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Ийм асуулт асууж байгаад маш их харамсаж байна. Бүх зүйлийг мэдэж байгаа шүү, Д.Оюундарь гишүүн ээ. Эрдэнэтийн 49 хувийн шийдвэр гарч байхад дэмжиж байна гэж баахан магтаад маргааш нь бултачихсаныг чинь би мартаагүй байгаа шүү. Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргаанаас байгууллагаас гарсан шийдвэр гэсэн томъёоллоор орж ирж байгаа. Томилгооны тухайд Засгийн газар олон хүн томилдог газар биш. Засгийн газрын тогтоол хэлбэрээр томилдог цөөхөн албан тушаал байдаг. Сайдын тушаалаар халагдсан хүмүүс Захиргааны шүүхээр явчихна. Шүүх гэдэг Үндсэн хуулийг үг дуугүй биелүүлэх ёстой юм. Гэтэл тийм биш болчихсон. Үүнийг нь өмөөрч асуулт тавиад байгааг ойлгохгүй байна. Авлигад идэгдсэн шүүгч Үндсэн хуулиа зөрчөөд, дүгнэлт гаргаад байгаа болохоор энэ асуудлыг оруулж байгаа юм. Хуульч нарын эсэргүүцэл үзүүлж байгаа жүжиг бол Үндсэн хуулийнхаа эсрэг төлбөртэй зохион байгуулсан ажил. Энэ хуульд оруулж ирж байгаа заалт бол Үндсэн хуулийг ягштал мөрдүүлэх гэсэн үүднээс л оруулж ирж байгаа. Ингэж тодорхой болгож өгөхгүй бол шүүх болохгүй байна. Энэ асуудлыг өргөн мэдүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихсан байсан. Цэцийн шийдвэр гарангуут Захиргааны шүүх дахин Засгийн газрын шийдвэрийг хянаад хүчингүй болгох оролдлогууд хийх гээд эхлэхээр нь энэ заалтыг оруулж байгаа юм. Үндсэн хуулийн цэц “Манай дүгнэлт гарсан шүү. Та нар Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхээр хянах эрхгүй” гэсэн бичиг явуулахад, тийм зүйл байхгүй гэсэн хариу бичиг явуулж байгаад М.Батсуурь гэдэг шүүгч дуусгасан. М.Батсуурийн эзэмшилд Хөтөлийн 99 хувь нь байна. Хөтөл гэдэг чинь Худалдаа хөгжлийн банк. 2016 гуравдугаар сард Худалдаа хөгжлийн банкныхан “Ростех” руу явуулах бичгийг Оросоор төлөвлөөд, Ч.Сайханбилэгт авч ирж өгсөн. Ч.Сайханбилэг тэр бичгийг хойшоо явуул гэсэн даалгавал өгсөн. Тэр бичгийг нь сая Засгийн газар нууцаас гаргасан. Үүнээс 20 хоногийн дараа “Монголиан коппер корпорейшн” гэдэг компани нэрээ сольсон. Нэрээ сольсоноос хойш 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гарч, Ц.Пүрэвтүвшин гэдэг хүний дансанд орсон. Тэр мөнгө эхний таван сая ам.долларын төлбөрт явсан. Энэ хэргийн шалгах гээд бүтэн жил прокурорт дарж байна. Ч.Сайханбилэгт авч ирж өгсөн бичгийн ноорогт ТДБ компанид хувьчлахыг зөвшөөрнө гээд биччихсэн байгаа. Тэр нь ХХБ-ны Орхоны нэр дээр бүртгэлтэй компани. Шүүх ямар шийдвэр гаргаж байсныг хар даа. Үүнийг л таслан зогсоох гэж энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа юм. 

Эрдэнэсийн сангийн төсөв:

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Т.Аюурсайхан гишүүн нээлттэй хэлэлцэх горимын санал гаргасан ч хуулиар хаалттай хэлэлцэнэ гэж заасан учир хаалттайгаар хэлэлцсэн юм. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эрдэнэсийн сангийн төсвийн хаалттай горимоор хэлэлцэх нь буруу.

Энэ асуудлыг холбогдох хууль журамд нь өөрчлөлт оруулж, төрийн нууцаас гаргах шаардлагатай байна. Нууж байгаагийн зорилго нь хадгалж, хамгаалах боловч нууж байгаад хулгайлдаг болсон. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудалд нуугаад байх юм ч байхгүй. Сүр бадруулаад, цаана нь олон асуудлыг нуудаг. Ихэнх нь гэмт хэргийн шинжтэй, Эрдэнэсийн санг хохироосон зөрчлүүдийг нуудаг. Ер нь Монгол Улсын Эрдэнэсийн сан гэж байхгүй болсон. Нууц гэх нэрийн дор материалыг нь дэлгэж болдоггүй. Еранхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл Эрдэнэсийн сангийн захирал бэртэйгээ нийлээд Эрдэнэсийн санг хохироосон асуудлыг хохирлын хэмжээтэй нь хамт би ажлын хэсгийн дүгнэлтээр гаргаад ирсэн. Гэтэл улсын нууц гэдгээр материалыг нь дэлгэж болдоггүй. Үүнийг шинээр томилогдсон Ерөнхий прокурор анхааралдаа авах хэрэгтэй. Цаашид нэг бүрчлэн хянаж, хариуцлагыг нь ногдуулах хэрэгтэй. Нууц байгаад хамгаалах биш, нуугаад хулгайлаад байгаа асуудлыг олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй. Олон нийтийн хяналт хамгийн найдвартай. Монголбанкны хууль бус ажил хэрээс хэтэрлээ. Хуулийг нь батлаад өгвөл нээлттэй, хариуцлагатай болно гэсэн зөрчлүүд нь хэвээрээ байгаа. Ганцхан өдрийн дотор ажлын цаг дууссаны дараа Төрийн банкинд үүрэг өгч байгаад Шиньжан Шинфа компанид 20 тэрбум төгрөг өгсөн. Монголбанкны удирдлагуудтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Би Ерөнхий прокурорт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээ хүргүүлсэн. Энд гэмт хэргийн шинжтэй маш олон зөрчлүүд байгаа. Хуучны мөнгөн дэвсгэртүүдийг өөрсдөө хулгайлаад гаргачихдаг. Эргүүлээд олон арван сая төгрөгөөр Эрдэнэсийн санд буцаагаад шахдаг. Үүнийг нь бид нууц гээд ярьж болдоггүй. Шалгуулж болдоггүй. Тиймээс Төрийн нууцаас гаргаж, олон нийтийн хяналтад оруулах шаардлагатай байна.