ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Даваадалай: Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдсах төлөвтэй байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-28

Дэлхийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газар “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм” тайланг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ. Энэ үеэр Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.

-Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн  тайлангаас харахад, буурна гэсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ бууралт Монголд хэрхэн нөлөөлөх байх гэж тооцож байгаа вэ?

-Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувьтай байсан. Тэгвэл 2019-2020 онуудад зургаан хувь болж бага зэрэг саарах төлөв ажиглагдаж байгаа. Энэ бол БНХАУ-ын эдийн засгийн өсөлт аажим буурсаар байгаатай холбоотой. Тус улсын эдийн засгийн өсөлтийн бодлогод сааралт 2019-2020 онд 6.2 хувь болж буурахаар байна. Индонез болон Малайзын эдийн засгийн өсөлт энэ онд хэвээр хадгалагдана Харин Тайланд, Вьетнамын эдийн засгийн өсөлт ялимгүй буурах төлөв бий. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг орнуудын хувьд өсөлтийн төлөв эерэг хэвээр байгаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд Лаос болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах төлөвтэй байна. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ эерэг төсөөлөлтэй харагдаж байгаа ч өнгөрсөн онд хүчтэй мэдрэгдсэн эрсдлүүд хэвээр байгаа нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Монгол Улсын хувьд өмнөд хөршийн эдийн засгийн сааралтыг дагаад нэг их унахгүй байх магадлал бий. Түүхий эдийн үнэ бага зэрэг унах байх. Гэхдээ нэг их мэдрэгдэхгүй болов уу гэж харж байна. Өнгөрсөн жилийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт сайн байлаа. Нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсч, борлуулалт өндөр байсан нь манай эдийн засаг сэргэх сайхан боломж гарсан. Энэ оны эхний улиралд ч эдийн засаг өсөлттэй байгаа. Гэвч яарч дүгнэх болоогүй байна. Одоо гурван улирал байна шүү дээ. Энэ хугацаанд эдийн засаг яаж өөрчлөгдөхийг таахад хэцүү.  

-Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бууралт манай улсын эдийн засагт нэг их нөлөөлөхгүй гэж та үзэж байгаа юм байна. Тэгвэл одоогоор эдийн засагт гараад байгаа өсөлтийг сааруулахгүй цааш авч явах боломж бий юу. Яаж төсөөлөгдөж байна?

-Төсвийн хэмнэлтийн бодлогоо цаашид хэрэгжүүлэх нь нэн чухал. Үүнээс гадна, одоо хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Засгийн газар сүүлийн жилүүдэд олон хөтөлбөр хэрэгжүүлж, тэр нь амжилттай болж, ямар ч байсан эдийн засаг өсөлттэй гарч эхлээд байгааг бид бүгдээрээ харж байна. Үүнийгээ л саармагжуулж болохгүй. Улс төрийн нөлөөнөөс ангид байх хэрэгтэй. Улс төртэй холилдохоор эдийн засаг буурах магадлал өндөр болдог. Эдийн засаг өсч буй энэ цаг үед ядуурлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх нь  хамгийн чухал. Энэ нь эр­гээд эдийн зас­гаа тогтворжуулах үр дүн мэдрэгд­дэг. Гадаадын зээлийн эргэн төлөл­түүд удахгүй эхэлнэ. “Чингис”, “Самуурай” бонд­оос зээл авсан аж ахуйн нэгжүүд 2020 оноос эргэн төлөлтөө хийж эхэлнэ. Зас­гийн газар дээрх хоёр бондынхоо өрийг 2021 оноос төлнө. Тэгэхээр гадаадын олон улс “Өрөө хэрхэн барагдуулах нь уу. Эдийн засгаа яаж удирдаж авч явж байна уу” гэх зэргээр ажиглаж байгаа. Эдийн засагтаа хүндрэл учруулахгүй зээлээ төлж эхлэх нь чухал. Одоо гарч байгаа эдийн засгийн өсөлтөө сааруулахгүй явах боломж бий. Эдийн засаг өсөх 16 эерэг үзүүлэлтүүд харагдаж байгаа. Нүүрсний экспорт нэмэгдэж байна. БНХАУ, Хойд Солонгос улсууд нүүрсээ Монголоос авахаар болж байна. Эерэг суваг нээгдэж байгаа гэсэн үг.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөр эдийн засагт эерэг үр дүн авчирч байгаа гэж та үзэж байгаа юм байна. Өнөө жил дахин санхүүжилт хийх үү?

-Сан үнэлгээ хийж байна. Дүн нь удахгүй гарна. Олон улсын валютын сан 2019 онд дахин санхүүжилт хийнэ. 

-Монгол Улсын эдийн засаг сэргэхэд Дэлхийн банк ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Төсвийн алдагдлыг бууруулж, сахилга хариуцлагыг улам сайн дээшүүлэх хэрэгтэй. Төсвийн өрийг бууруулах боломжийг судалж аль болох өргүй болох нь чухал. Банкны хуулийн болон төсөвт хийж буй шинэчлэл. Мөн орлогоо нэмэгдүүлж, зардлаа танаж байгаа нь сайн үр дүнг дагуулж байгаа. Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засаг өсөхөд нөлөөлсөн. Одоо гарч байгаа эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд банкны салбараа эрүүл байлгаж, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспортод гарч байгаа хил, гаалийн хүндрэл бэрхшээлтэй асуудлаа цэгцлэх шаардлагатай байгаа. Хөрөнгийн зах зээлийг урагшлуулж, хөгжүүлэх нь эдийн засаг сэргэхэд нөлөөлөх хамгийн том алхам гэж харагдаж байна. Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр сайн ажиллаж байгаа.

-Та сая банкны салбараа эрүүл байлгах нь чухал гэж хэллээ. Үнэхээр энэ салбарын өсөлт улс орны эдийн засагт хамгийн түрүүнд мэдрэгддэг гэж ойлгож болох уу? 

-Эдийн засаг өсөх төлөвтэй байгаа энэ үед банкны салбараа эрүүл байлгах нь цаашдын өсөлтөд эерэг үр дүн авчирна. Банк эдийн засагтай салшгүй холбоотой. 
-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төсөл явж байгаа. Энэ хууль батлагдвал банкны салбарт ямар үр дагавар дагуулж ирэх бол. Эерэг үү, сөрөг үү?
-Зах зээлийнхээ замаар банк, санхүүгийн үйл ажиллагаа явж байх ёстой. Санхүүгийн харилцааны явцад зээлийн хүү өөрөө тогтдог. Банкны зээлийн хүүг төрөөс тогтоож, хууль гаргах нь нэг их хүсээд байх зүйл биш. Монгол Улс инфляци өндөр. Эх үүсвэр бага, хүү өндөр орны нэг. Хэрэв зээлийн хүүний хязгаар тогтоовол банкуудын зээл олгох сонирхол буурах магадлалтай. Хэдхэн том зээлдэгч нарт банкууд зээлээ олгочихоод, жижиг аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгохгүй байх нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Харин үүнийхээ оронд банкуудад хөнгөлөлттэй зээл эдлүүлэх. Ашигтай ажилахад нь анхаарах, макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн хөрөнгийн зах зээл зах зээлийг чадавхижуулах нь банкны хүү буурахад ихээхэн нөлөөлнө.