ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНЭУ-ын тагнуул Туркийн шоронд амиа хорложээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-29

Туркийн хууль сахиулахынханд 10 гаруй хоногийн өмнө баривчлагдсан Арабын нэгдсэн Эмират улсын тагнуул гэгдэх эр хоригдож байсан цагдан хорих төвдөө амиа егүүтгэсэн тухай тус улсын албаны эх сурвалж өчигдөр мэдээллээ. “Анадолу” агентлагийн мэдээлснээр, тэрээр Туркийн хамгийн том Истанбул хотын зах хэсэгт байрлах “Силиври” цагдан хорих төвд угаалгын өрөөнд өмсөж байсан хувцсаараа өөрийгөө боомилж амиа хорлосон байжээ. Одоогоор хэргийг шалгаж буй бөгөөд ямар шалтгааны улмаас амиа егүүтгэсэн нь тодорхойгүй байна.  Түүнийг өнгөрсөн жил Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт алагдсан Саудын арабын сэтгүүлч Жамал Хашоггигийн үхэлд холбоотой хэмээн сэжиглэж, өөр нэг хүний хамт баривчилсан юм. Тэднийг “Цэргийн, улс төрийн, олон улсын мэдээ мэдээлэл дамжуулсан” хэрэгт буруутгаж байжээ. 

Турк болон түүний холбоотон Катар улсууд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг орнуудаас “Терроризм болон Ираныг дэмжигч” гэх шалтгаанаар дипломат харилцаагаа тасалж байв. Сэтгүүлчийн үхэлд буруутгагдсан хоёр этгээд палестин хүмүүс хэдий ч, АНЭУ-ын тагнуулын албанд  мэдээлэл дамжуулдаг гэх шалтгаанаар энэ сарын дундуур баривчилж байсан юм. Энэ талаар Хууль зүйн яамны эх сурвалж “2013 онд Египетэд болсон цэргийн эргэлтээс хойш Турк Саудын Араб, АНЭУ, Египетээс харилцаагаа тасалсан. Харин түүний дараагаас тэдгээр улсууд нөхцөл байдлыг тандах зорилгоор тагнуулын шинэ тогтолцоог бий болгохыг оролдож байгаа. Тэд цэргийн эргэлтээс хойш Туркт амьдарч буй Мусульман ахан дүүс хөдөлгөөний гишүүдийг тагнаж байгаа нь маргаангүй” хэмээн ярьжээ. 

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар орсноосоо хойш сураггүй болсон байдаг. Улмаар хэрэг гарснаас 12 хоногийн дараа Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг амиа алдсаныг мэдээлж байв. Сэтгүүлчийг чухам хэн хөнөөх тушаал өгсөн нь өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байна. Гэхдээ Турк болон АНУ-ын албаныхан хэргийг судлахдаа гэмт хэргийн шууд захиалагч нь Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман гэх дүгнэлтэд хүрчээ. 

Ингэхдээ ТТГ-ын ажилтнууд эд мөрийн баримт, сэтгүүлчийн утасны яриа зэрэгт үндэслэсэн байна. Талийгаач сэтгүүлч Саудын Арабын хаан болон угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салманы бодлогыг тэр дундаа тэдний Йеменд явуулж буй цэргийн үйл ажиллагааг хурцаар шүүмжилж бичдэг байжээ. Улмаар Саудын Арабын засгийн газраас түүнд удаа дараа анхааруулга өгсний дараа 2017 онд эх орноо орхиход хүрч, АНУ-ыг зорьсон аж. Тэндээс явсныхаа дараа, 2017 оны зургадугаар сараас Вашингтон Пост сонинд нийтлэл бичиж эхэлсэн. Гэхдээ түүнийг АНУ-д ирсний дараа ч бас цахим ертөнцөөр, тэр дундаа Твиттерээр Саудын Арабынхан дарамталсаар байсан тухай “Нью-Йорк Таймс” сонинд бичжээ.