ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нөхөн сонгуульд өрсөлдөх магадлалтай уугуул, суугуул горилогчид

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-30


Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт 2016 онд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзсан билээ. Улмаар тус тойрогт нөхөн сонгууль явах ёстой байсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалж, хойшлогдоод байсан юм. Цэцэд бүдэрсэн хуулийн заалтыг өөрчилснөөр нөхөн сонгууль явуулах боломж бүрдэж, ирэх зургадугаар сарын 30-нд Хэнтий аймагт нөхөн сонгууль явах нь тодорхой болж байна. Нийт 228 сая төгрөгөөр нөхөн сонгуулийг явуулахаар болжээ. Тэгвэл өчигдөр улс төрийн намууд нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэв. Сонгуулийн ерөнхий хороо намуудын баримт бичгийг шалгах ажлын хэсэг байгуулсан бөгөөд тав хоногийн хугацаанд судалж үзээд, оролцох боломжтой боломжгүй гэсэн хариуг өгөх аж. Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ нийт есөн нам хүргүүлжээ. Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүсэлтээ өгсний дараа “Улс төрийн намуудын рейтингийг тогтоох сонгууль учраас МАН хариуцлагатай оролцоно. Энэ сарын 29-нд намын Бага хурал хуралдаж, сонгуульд оролцох шийдвэр гаргасан. Нэр дэвшигчийн тухайд судалгаа явуулж байна. Намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших боломжтой, нэр хүндтэй кандитат мөн. Гэхдээ эцэслэн шийдээгүй. Тавдугаар сарын 25-28-ны хооронд МАН-ын Бага хурлаар эцэслэн шийднэ” гэлээ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Хуулийн хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Өмнөх шиг мөнгөний сонгууль болохгүй гэж найдаж байна. Н.Энхбаяр даргыг нөхөн сонгуульд оруулахгүй байх бүр арга чаргыг тэд хэрэглэж байгаа. Гэхдээ намын даргын тухайд өрсөлдөх бүрэн боломжтой. Бид тун удахгүй Бага чуулганаа хийж нэр дэвшигчээ тодруулна” гэсэн юм. Үүнээс гадна АН, ХҮНам зэрэг улс төрийн есөн нам хүсэлтээ хүргүүлжээ. Улс төрийн намууд нэгэнт өрсөлдөх нь тодорхой болсон учраас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь ирэх өдрүүдэд сонирхол татах сэдэв болж байгаа юм. Тэгвэл улс төрийн гурван том намаас нөхөн сонгуульд өрсөлдөх сонирхлоо илэрхийлсэн “горилогч”-дын нэрсийг намтартай нь товчхон танилцуулъя. 

МАН 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Улаанбаатар хотод төрсөн. Гэвч түүний эцэг нь Хэнтийн угшилтай бөгөөд тээврийн жолооч байсан гэдэг. Ажил амьдралын гараагаа армиас эхэлж байсан тэрбээр 1991 онд МАХН-ын улс төрийн ажилтан болж дэвшжээ. Эндээс л улс төрийн карьер нь эхэлж, өдгөө 28 жилийн өмнө элссэн намынхаа даргаар ажиллаж байна. Тэр хоёр ч удаа Хэнтийчүүдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон билээ. 

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба: Хэнтий аймгийн Өндөрхаан хотод бага насаа өнгөрүүлж, 10 жилийн боловсрол эзэмшсэн. Ажил амьдралын гараагаа ч төрсөн нутгаасаа эхлүүлж байжээ. Тодруулбал, Өндөрхаан хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд багшаар ажиллаж байсан тэрбээр 1985 оноос улс төрийн карьер хөөж эхэлжээ. 1991 онд Хэнтий аймгийнхаа МАХН-ын хороонд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ардын Их хурлын депутат, Бага хурлын гишүүн болсон байдаг. Н.Ганбямба нь гурван удаа хэнтийчүүдийн итгэлийг хүлээж, УИХ-д суусан бөгөөд өдгөө ч орон нутгаа удирдаж, Засаг даргаар нь ажиллаж байна. 

МУГЖ Г.Эрдэнэбат: 1990 оны нийтийн дууны нэгэн тод төлөөлөл болох Г.Эрдэнэбат нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Г.Эрдэнэбат нь Хөгжим бүжгийн коллежийн захирал, УДБЭТ-ийн захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд өдгөө БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байна. 

АН 

Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар: 1962 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн бөгөөд “Чингисийн их тугчид” хэмээн нэрлэгддэг “тугчин” овгийн хүн хэмээн өөрийгөө дөвийлгөдөг аж. Түүний ээж нь Батноров сумынх бөгөөд Өндөрхаан хотод 10 жилийн боловсрол эзэмшиж, 1986 онд Хэнтий аймагтаа ирж Хурхын САА-д ажиллаж байжээ. Улмаар 1990-1991 онд аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1991-1995 онд Хэнтий аймгийн Залуучуудын холбооны даргаар ажилласан аж. Ж.Оюунбаатар 2004 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Д.Арвинтай өрсөлдөж ялагдсан бөгөөд 2012 оны сонгуулиар Б.Гарамгайбаатарыг дэмжиж, ялалт байгуулсных нь дараа орон нутагт намаа удирдан ялалт байгуулж байлаа. 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан билээ. 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар: Түүний хувьд Хэнтий аймагт төрж, Биндэр суманд 10 жилийн боловсрол эзэмшжээ. Ажлын гараагаа ШУА-ийн химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний туслах ажилтнаар эхлүүлсэн бөгөөд 2001 онд “Монроуд” компаниа байгуулах хүртэл дандаа төрийн байгууллагад ажиллажээ. Тун эрт улс төрд хөл тавьсан ч 2012 онд л нэр дэвших боломж олдож, улмаар төрсөн нутагтаа АН-аас өрсөлдөн ялалт байгуулсан юм. Улс төрд орж ирээд богино хугацаанд “туршлагажиж”, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хүртэл ажилласан.  

МАХН 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Тэр Хэнтий нутагтаа ээжээрээ холбогддог. Ээж нь буриад хүн бөгөөд Ерөнхийлөгч байхдаа ч ээжийнхээ төрсөн нутгаар очдог байсан тухай хүмүүс ярилцдаг. Бусдаар бол Н.Энхбаярт Хэнтийд хамаатах шалтгаан алга. Улаанбаатар хотод төрж, ажил амьдралаа ч нийслэл хоттой холбож явсан түүний намтрыг дахин дахин нурших нь илүүц билээ. УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хүрч болох бүх л албан тушаалд монголчууд түүнийг суулгасан. Харин тэр ханасангүй. 

Хэнтийн аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр: Түүнийг 2012-2016 онд МАХН-аас НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан гэдгийг мэднэ. Хэнтий аймгийн уугуул бөгөөд өдгөө МАХН-ын Хэнтий аймгийн түмтийн дарга, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд даргаар ажилладаг. 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: Түүнд Хэнтий аймагт холбогдох ямар нэг шалтгаан алга. 2012 оны сонгуульд бие даан Дархан-Уул аймгаас сонгогдсон. Мөн МАХН-д ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн элсэж, дэд дарга болсон билээ.