ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Пүрэвдорж: “Ocean Partners” компани “Стандарт” банкийг нэр төдий ашиглаж, өөрсдөө зээл өгсөн байх магадлалтай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-30

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн хурлын үеэр “Ocean Partners” гэх компанийн талаар мэдээлэл хийсэн билээ. Энэхүү асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Та “Ocean Partners” гэдэг компани “Жаст”-ын Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад зуучилсан. Луйврын схем байж магадгүй гэх мэтээр яриад байна. Яг ямар үндэслэлээр ингэж дүгнэхэд хүрээд байна бэ?

-2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 15, 15-аар нийт 30 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас аваад, гурван өдрийн дараа 26-ны өдөр “Жаст” компани руу шилжүүлсэн байдаг юм. Энэ зээлийг авахад “Ocean Partners” компани зуучилсан. Зуучилсан гэж байгаагийн гол үндэслэл нь тодорхой хугацааны дараа зээл төлөхөд, “Ocean Partners” өөрөө 48 сая ам.доллар төлсөн. Өөрөөр хэлбэл, эхлээд авсан 30, сүүлд “Эрдэнэт” баталгаа гаргаж авсан 20, нийтдээ 50 сая ам.долларын 48-ыг нь “Ocean Partners” компани өөрийнхөө зэсийн баяжмалын төлбөрөөс “Стандарт” банкинд төлсөн гэдэг мэдээлэл байгаа. Энэ албан ёсны мэдээлэл. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд АН-ын Зөвлөлд гаргаж өгсөн материалд төлбөр төлсөн гэдэг мэдээлэл бий. Анхнаасаа зээл авахад “Ocean Partners” гэдэг компани тодорхой улстөрчдийн нөлөөгөөр зуучилсан гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. “Ocean Partners” компани “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг худалдаж авдаг хамгийн том худалдан авагч байсан. Энэ компани нийтдээ 2.3 сая тонн зэсийн баяжмал “Эрдэнэт” үйлдвэрээс авсан. 1998 оноос өнөөдрийг хүртэл шүү дээ. 2.3 сая тонн зэсийн баяжмалын төлбөр нь 3.2 тэрбум ам.доллар гэсэн үг. Тэгэхээр энэ компани том нөлөө­тэй, улстөрчдөд нөлөөлж чадахуйц компани гэдэг нь харагдаж бай­гаа юм. Сая “Стан­дарт” банк­ны өрийг төлөхөөр болоход энэ компани дахиад зуучлагчаар ажилласан. Зээл авахад ч, төлөхөд ч зуучилж байна гэдэг том асуудал байна гэдгийг харуулж байгаа биз. “Стандарт” банктай холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. 115 сая ам.доллар манайхаас авах нь тодорхой байхад яагаад энэ мөнгөнөөсөө татгалзаж, 40 сая ам.доллар аваад салж байна вэ. Ямар ч эрүүл компани, банк ингэж ажиллахгүй. “Эрдэнэт” олон сая ам.долларын борлуулалт хийдэг компани. Тийм ч учраас “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь трейдер компаниудаас энэ мөнгийг суутгаад авчих боломжтой. Трейдер компаниуд нь төлөхгүй бол МИАТ-ийн онгоцыг гадаадад барьцаалж байгаад төлбөрөө авчих боломж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө авахаас татгалзаад, 40 сая ам.доллар төлөөд асуудал шийдэгдэж байгаа нь эхнээсээ л “Ocean Partners” компани “Стандарт” банкийг нэр төдий ашиглаад, өөрсдөө зээлээ өгчээ. Дараа нь зээлээ төлүүлж авчээ гэдэг схем харагдаж байгаа юм. 

-Эхний төлбөр 48 сая ам.долларыг “Ocean Partners” компани төлсөн гэсэн. Зээл авчихаад, буцааж төлөхдөө “Жаст” биш “Ocean Partners” төлсөн болж таарч байна уу?

-“Жаст”-ын Ш.Батхүү нийтдээ 159 сая ам.долларыг “Стандарт” банкнаас зээлсэн гэдэг мэдээлэл бий. Тэр мөнгөө буцааж төлж байсан. Хамгийн эхний эргэн төлөлтийг л “Ocean Partners” компани төлсөн юм билээ. Сүүлдээ 50 сая ам.долларын өр үлдээд, төлж чадахааргүй нөхцөл байдалд орсон. Энэ мөнгөний хүү төлбөр нь нэмэгдсээр байгаад 100 гаруй сая болчихсон. Эцэстээ “Эрдэнэт” үйлдвэр 40 сая ам.доллар төлж байгаа нь энэ л дээ. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд 40 сая ам.долларын өр төлөхдөө “Ocean Partners”  компанийг зуучлагчаар сонгож авсан нь ямар учиртай юм бол. Энэ талаар бага сага судалж үзсэн байх?

-“Эрдэнэт” үйлдвэрт   очиж ажиллахдаа “Ocean Partners” гэдэг компани зээл авахад зуучилсан мөртлөө төлөхөд бас оролцож байна шүү гэдгийг хэлж, анхааруулж байсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч ярьж, хэлсэн. Ингэсээр байтал тэр  компанийг зээл төлөхөд зуучлагчаар оролцууллаа. Энэ бол “Стандарт” банк, “Жаст” компани, “Эрдэнэт”-ийн асуудал бол луйврын схем гэдгийн нотолгоо болж байгаа юм.  Хувийн хоёр компани гэрээ байгуулахдаа гуравдагч Төрийн өмчийн компанийг оруулж өөрсдөө ашиг хүртдэг. Харин төрийн компани алдагдал хүлээж, луйврын золиос болдог схем ашигласан байж болохоор байна. 

-"Ocean Partners” компанийн гүйлгээг шалгах боломж байгаа юу. Тэгвэл таны яриад байгааг баталж болох байх?

-Бүх санхүүгийн төлбөр нь “Эрдэнэт”-ээр дамжсан. “Жаст”-ын авсан зээл, эргүүлж төлж байсан төлбөрүүд. Сая хийсэн төлбөр гээд бүх төлбөр “Эрдэнэт”-ийн дансаар дамжиж гарсан, тэр мэдээллийг нь бид авсан. Тэгэхээр асуудал үнэн, худлыг батлахын тулд компанийн гүйлгээг шалгах гээд байх шаардлага байхгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэрт орох ёстой орлогоос тодорхой албан тушаалтнууд зувчуулсан байна гэж үзээд,  гомдол гаргавал Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх конвенцийн дагуу “Ocean Partners” компанийн гүйлгээг шалгах боломж бий. Нөгөө талаар, энэ компани “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдаж авах гэрээгээ сунгая гэдэг хүсэлтийг тавиад жил гаруй болж байгаа. Энэ хүсэлтийг шийдээгүй байж байгаад саяхнаас сунгах шийдвэр гарсан. Өндөр албан тушаалын хүмүүс энэ зөвшөөрлийг өгөх учраас асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож байна. Тиймдээ ч энэ компани “Эрдэнэт”-ийн төлбөрийн зуучлалыг хийсэн байх. Цаашид энэ компани луйврын схемээ үргэлжлүүлэх боломжоо авч үлдлээ л гэж харагдаж байна. 

-40 сая ам.доллар төлөөд асуудал шийдэгдлээ гээд байгаа. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр 143 тэрбум төгрөг гаргасан. Энэ мөнгийг Ш.Батхүүгээр төлүүлэх ёстой талаар ч та бас хэлсэн дээ?

-Нийт хохирол 143 тэрбум төгрөг хүрсэн. 40 сая ам.долларыг өнөөдрийн ханшаар тооцвол 105 орчим тэрбум төгрөг л болж байгаа. Үлдсэн 38 тэрбум төгрөг бол “Стандарт” банкны заргатай холбоотой өмгөөллийн зардлаас эхлээд бусад зардалд зарцуулсан. Эрх баригчид 40 сая ам.долларыг төлүүлэх талаар л яриад байна. Гэтэл зүгээр ажиллаж байсан “Эрдэнэт” үйлдвэрээр хууль бусаар батлан даалт гаргуулаад, зээл авсан хүмүүсийн өмнөөс төлсөн 38 тэрбум төгрөгийн асуудлыг эрх баригчид яагаад ярихгүй байгаа юм. Энд нэг шалтгаан байгаа. “Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан тэр их зээл Монголд орж ирээд газрын гаваар орсон юм шиг алга болсон. Яг үнэндээ тэр мөнгө МАН-ын хоёр удаагийн сонгуулийн зардалд зарцуулагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа. МАН-ын тодорхой албан тушаалтнуудад авлига маягаар мөнгө өгсөн байж магадгүй. Тийм учраас МАН “Жаст”-ын Ш.Батхүү болоод энэ асуудалд оролцсон “Эрдэнэт” үйлдвэрийн нэр бүхий хүмүүст өртэй. Тиймдээ ч өрөө төлсөн гэж би харддаг. Ингэж хардаж байгаа нь бас учиртай. 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Албан тушаалтнууд холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байсныг тав болгож, энэ хүмүүсийг гэмт хэргээс мулталж байгаа. Хэрвээ энэ хүмүүс хариуцлага хүлээгээд, шоронд орох юм бол МАН-ын “Эрдэнэт”-тэй холбоотой маш олон булхай илэрнэ. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагыг шоронд явуулахгүйн төлөө МАН бүх хүчээрээ зүтгэж байгаа.