ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украинд В.Путин "ялав"

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-30

Украины ээлжит Ерөн­хий­лөгчийн сонгуульд “Шоколадны хаан” хочит тэрбумтан, улстөрч Петро Порошенког инээд­мийн жүжигчин эр ялж, төрийн тэр­гүү­нээр сонгогдсон билээ. Харин тэр үеэс Украинд В.Путин ялсныг ажиг­­лагчид онц­лох болов. Ийм дүг­­нэлт хийхэд хэд хэдэн зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, В.Зеленский зургаан жил ОХУ-д ажиллаж амьдарсан. Сонгуульд өрсөлдөж байхдаа ч тэрбээр ОХУ-тай харилцах харилцаа гадаад бодлогынх нь тэргүүлэх чиглэл байна гэдгийг мэдэгдэж байсан. Түүний Орос, Оросын иргэдийн талаарх төсөөлөл Украины удирдагчдынхаас өөр юм.  Тэр утгаар сонгуулийн кампанитаар “бяцхан орос” гэж В.Зеленскийг тодорхойлох нэгэн ч байв. Хоёрдугаарт, түүнд улс төрийн туршлага байхгүй.

Гагцхүү “Ард түмний зарц” хэмээх инээдмийн цуврал кинонд улстөрчийн дүр бүтээсэн туршлага л бий. Гэхдээ бодит байдал, дэлгэцийн бүтээл хоёр тэнгэр газар шиг ялгаатай байх нь мэдээж. Энэ мэт үндэслэлээр дэлхийн улс төр судлаачид Украин, ОХУ-ын хоорондын харилцаа, маргаанд В.Путин хэдийнэ ялсныг онцлон дурьдах болсон юм. Тэгвэл Украины улс төрд шинэ хүн гарч ирснээс хэдхэн хоногийн дараа ОХУ-ын төрийн тэргүүн маш ноцтой шийдвэр гаргав. Тодруулбал, Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужийн иргэдэд ОХУ-ын паспорт олгох зарлигт гарын үсэг зурсан юм.

В.Путины эл зарлигийн дагуу Украины зүүн хязгаарт амьдарч буй 3.2 сая иргэн ОХУ-ын иргэн болох нь тодорхой болсон. Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид гэгдэх зэвсэгт босогчид 2014 оны эхээр Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоож, тусгаар улс байгуулснаа зарлаж байсан билээ. Украины экс Ерөнхийлөгч Петро Порошенко салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа эргүүлэн авахаар тэмцсэн ч, ялагдал хүлээсэн гэхэд болно. Украинчуудыг хоёр хэсэгт хувааж мэдэх зарлигийнхаа дараа БНХАУ-д зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр ч В.Путин “Украины бүх иргэдэд ОХУ-ын иргэншил санал болгох тухай хэлэлцэж эхэлсэн.

Хэрвээ уг асуудал дэмжигдвэл украинчуудад паспорт олгох, бүртгэлжүүлэх ажил түргэвчилсэн журмаар хэрэгжинэ” хэмээн мэдэгдлээ. ОХУ Украины Крымын хойгийн зарим хэсгийг эх газартаа хүчээр нэгтгэсний дараа Украин-ОХУ дайснууд болж хувирсан. Гэтэл Украины номер нэг хүн улс төрийн ямар ч мэдлэггүй инээдмийн жүжигчнээр солигдох мөчид В.Путин маш ноцтой шийдвэр гаргасан нь энэ юм. Энэ талаар Украины хэвлэлүүд “Путин нэг гүрнийг гутаан доромжилсон, цэрэг зэвсгийн хүчээр Украиныг эзлэн түрэмгийлэхээр санаархаж байна” хэмээн буруутгажээ. 

Харин В.Путины эл үйлдэлд Украины шинэ Ерөнхийлөгч туршлагагүй ч, хэр­хэн ажиллахыг хараарай хэмээн ам бар­дам амлалт өгсөн В.Зеленский өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариулт өгчээ. Тэрбээр “Таны мэдэгдлийг сонслоо. Нэлээд цочирдлоо. Хүн бүхэн л биднийг ажиглаж байна. ОХУ-д тайван жагсаал хийгээд баривчлагддаг. Харин Украин бол эрх чөлөөт, чөлөөт хэвлэлтэй, нээлттэй интернэттэй орон. ОХУ-тай бүх шатны яриа хэлэлцээр хийхэд бэлэн. Гэхдээ Крым, Донбассыг эргүүлж өгсөн цагт” хэмээн мэдэгджээ. В.Путины мэдэгдлийг НҮБ, Европын холбоо, АНУ, Их Британи  шүүмжилж, “Украины тусгаар тогтнол, газар нутагт заналхийлэл учруулбал, шаардагдах арга хэмжээг авна” гэдгээ сануулаад байна. Өмнө нь 2002 оны гуравдугаар сард Оросын эрх баригчид Гүржээс салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн оршин суугчдад ОХУ-ын иргэний харьяалал олгож байжээ. Улмаар тэдгээр иргэдээ хамгаалах нэрийн дор Гүржийн эсрэг цэргийн хүчээр тэмцэж байсан аж. Энэ удаад ч уг хэрэг явдал дахин давтагдахгүй гэсэн баталгаагүй байна. Юутай ч, Украинд болсон сонгуульд шинэ улс төрийн хүчний туршлагагүй эрхэм сонгогдсон нь Украины эсрэг чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд В.Путины ялалтыг лавшруулсан хэрэг боллоо.