ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлээр дүүрэн гудчаа залуус

Ц.ЭНХТҮВШИН
2019-05-01

Хавар болж нар ээсэн сайхан өдрүүд үргэлжилсээр. Залуус хувцсаа нимгэлж, охид бүсгүйчүүдийн гангарааны өнгө тодсоод хот нэлэнхүйдээ гоёмсог харагдана. Өвөлдөө цас мөснөөсөө болдог уу нэг их анзаараад байдаггүй зүйл хаа сайгүй хуурайшсан энэ цаг дор ихэд тод үзэгдэнэ. Тэр нь цардмал зам дээгүүр гишгэх газаргүй болтол шахам нулимсан залуусын шүлс. Ялангуяа их, дээд сургуулийн орчимд энэ бол ёстой нэг ханатал харагдана.

Хоёроос дээш цуглаад зогсохоороо амнаас асгарах шүлсний хэмжээнийхээ их багыг үзээд байна уу гэлтэй зогсоо зайгүй нулимна. Жаахан удаахаараа амных нь шүлс багасдаг бололтой,тэгэхээр нь  гудчиж байгаад л шүлс биш бүр цэрээ чулуудна. Хөрс рүү шингэтэл өдий гэдэг шиг цардмал зам дээрх шүлс цэр мөддөө шингэдэггүй болохоор өнөөх гудчаа залуусын гаргаж хаясан ялгадсан дээгүүр өөр нэгэн алхаж, ууршсан агаараар бүгд амьсгалж байна.

Өвөл цагт утаанд буруугаа өгч ханиадаар халхавчлаад хаа таарсан газраа нус цэрээ хаядаг залуус, залуус ч гэлтгүй ахмадууд ч бий. Дулаан орж цэцэгс дэлгэрэх цагаар мөн л гудчисаар, элдэв бохироо олон нийтийн газар  та хаясаар л байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Биесээ дуурайж буруу зүйлээр “уралдаж” байгаа бол ухамсартайгаар болих хэрэгтэй. Та сая гаруй хүнтэй метрополитан хотод алхаж яваа шүү.