ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Ганзориг: Нийгмийн даатгалын шинэ хууль 2020 онд хэрэгжинэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-01

Иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой эсэх талаар үргэлж асуудаг. Тэгвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль ирэх онд хэрэгжих аж. Энэ талаар НДЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзоригоос тодрууллаа.

-Иргэд нийгмийн даат­галын шимтгэлээ нөхөн төлөх боломж бий юу?
-Нийгмийн даатгалын хувьд даатгал гэдэг утгаараа нөхөн төлөх гэсэн ойлголт огт байхгүй. Харин ажил олгогчын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан, иргэн даатгуулагчид  хохирсон асуудал нийгэмд их бий. Тухайн ажил  олгогчид  нийгмийн даатгалаа тайлагнахдаа нэрийг нь оруулдаггүй, цалин хөлсийг нь зөрүүтэй тайлагнасан нөхцөлд алданги акт тавьдаг. Ингээд ажил олгогч буруутай үйл ажиллагаандаа торгууль төлснөөр тухайн иргэний асуудал хэвийн болно гэж ойлгож болно.  Нөгөө талаас иргэдийн асуудаг төөрөгдөл нь, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдаж буй хүн  тодорхой хугацаанд монголдоо байхгүй, эсвэл  эрүүл мэндийн байдлаас шалтгаалан төлөөгүй тохиолдолд, алдингаа төлөөд,  тухайн хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно. Өөрөөр хэлбэл,  сайн дурын даатгуулагчаар 12  сарын хугацаанд гэрээ хийсэн бол тухайн хугацааны  шимтэглээ нөхөн төлөх боломжтой. 

-Нэг хэсэг нийгмийн даатгал тасарсан жилийн шимтгэлээ нөхөж байсан. Үүнийг иргэд нөхөн төлөх боломж дахин гарах болов уу гэж хардаг?
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 1990-2000 онд хэрэгжиж байсан тогтоомж  юм.  Энэ үеэр 78100 төгрөг төлөөд, 11 жилийн  хугацааны нийгмийн даатгалыг нөхөн тооцсон. Энэ нь  тухайн үед улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, шилжилтийн үе байсан учир нэг удаа төрөөс иргэдийн хохирч байсан асуудлыг шийдвэрлэсэн. Иргэдийн нийгмийн хамгааллыг засаж залруулах тухай нэг удаа хэрэгжсэн хууль тогтоомж гэсэн үг. Энэ тогтоомж дуусгавар болсон гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан. Уг хуулиар тухайн үед  ажил  хөдөлмөр эрхэлж байгаад хаягдсан даатгал болон  татвараа  аж ахуй нэгж байгууллагууд бүрэн тайлагнаж чадаагүйг зассан хууль тогтоомж гарсан байдаг. Нөхөн тооцох гэдэг зүйл дээрх тогтоомжуудтай л холбоотой. 

-Энэ жилээс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль хэрэгжинэ гэж байсан. Хууль нь батлагдсан уу?
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль батлагдаад удаагүй ч, хараахан хэрэгжиж эхлээгүй байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих байсан. Гэтэл төсөвт хүндрэлтэй байсан учраас товлосон хугацаандаа хэрэгжих боломжгүй болсон. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо. Бодлогын түвшинд хууль тогтоомж нь батлагдсан ч,  цаг хугацаа нь болоогүй учраас ХНХЯ-аас тодорхой дүрэм журам гарна. 

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч гэхээр арай өрөөсгөл болох юм бишүү. Жишээлбэл, бидэн шиг  хувийн байгууллагад ажилладаг ажилтны нийгмийн даатгалын шимтгэл тасарсан байвал, дээрх хуульд  хамрагдах уу?
-Хууль нь мэдээж гарчихсан. Гэхдээ дүрэм журам хэрхэн хэрэгжих,  ямар хүмүүсийг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх вэ гэдэг асуудал яригдана. Мөн малчдын хувьд  А данстай холбоотой зүйлүүдийг харна. Тийм болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Иргэдийн эрх зүйн ойлголтоос болж нийгмийн даатгалтай холбоотой зөрүүтэй мэдээллүүд  их байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэдэг тухайн хүн өөртөө болон ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж буй нэг хэлбэр. Нэг ёсондоо нийгмийн даатгалын байгууллагаас авч байгаа 30 гаруй үйлчилгээг авах боломж үүсдэг. Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр бидэнд ямар үр өгөөжтэй, залуу хүний хувьд ямар боломжууд байдгийг  харах хэрэгтэй. Нийгмийн даатгалын үр өгөөжийг хүн бүр авдаг. Хуулийн харилцааны хувьд таниас авдаг бол буцаагаад өгдөг.