ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-01

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн чухал шийдвэр гаргав. Тодруулбал, Хөгжлийн банкийг зөвхөн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг байх ёстой гэдэг шийдвэр гаргаж, үүнийг удирдлагын түвшинд мөрдөж ажиллахыг даалгажээ. Учир нь 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлыг шалгаж үзэхэд, арилжааны банкнаас хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрт зээл олгосон гэх зөрчил дутагдал илэрчээ. Тиймээс цаашдаа энэ зөрчлөө арилгаж ажлаа явуулахыг даалгасан байна. Мөн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн чухал асуудал нь Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан явдал юм. Уг асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг хол­богдох хү­мүүст даалгажээ. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болгожээ.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр гэгчийг баталсан бөгөөд эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх шатны сургалтын чанарыг сайжруулах, гарааны бизнесийг нь дэмжих, залуучуудад ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх хэд хэдэн чухал асуудлыг багтааж өгчээ. Дэлхийн улс орнууд залуучуудын хөгжлийг эрүүл мэнд, өрсөлдөх чадвартай мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоо гэсэн таван үзүүлэлтээр хэмж­дэг аж. Манай улс 2016 онд 183 орноос 71 дүгээрт бичигджээ.  Манай улсын 3.2 сая хүн амын нэг сая гаруй нь 15-34 насны залуучууд юм байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд дотооддоо цэцэрлэг байгуулж, төрийн ачааллаас хуваалцаж байгаа сайн жишгийг дэмжиж ажиллахыг Ё.Баатарбилэг сайдад даалгажээ.

Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч Тариаланг дэмжих санд олгохоор болсон нь мөн л онцлох шийдвэрийн нэг байлаа. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх юм. Манай улс өнгөрсөн жил 444 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 428 мянга гаруй тонн улаанбуудай хураан авч, 376 мянган га-д уринш боловсруулсан байна. Энэ хавар 387 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 367 мянга гаруй га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ. Түүнчлэн, хөдөө аж ахуйтай холбоотой нэг шийдвэр гаргасан нь Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгасан явдал юм. Улмаар авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлжээ. Мал хамгаалах сан нь 2018 оны эцсийн байдлаар 33.4 тэрбум төгрөгийн авлагатай, 23.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа аж.