ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Авлигын үзүүлэлтэд муу тавив

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-02

УИХ-ын чуулганы хуралдаан захиас дүүрэн боллоо. Учир нь өчигдрийн хуралдаанаар АТГ-ын хуучин удирдлагуудыг чөлөөлж, шинэ дарга нарыг томилсон юм. Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргал болон, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг хүргүүлсэн билээ. Шинэ дарга нарыг томилох үеэр гишүүдийн зүгээс захиж, анхааруулсан зүйл бол улс төрөөс ангид, шударга, ёс зүйтэй, зоригтой байх тухай юм. АТГ-ыг удирдана гэдэг амаргүй даваа болохыг гишүүн бүр сануулж, зарим нь бүр “Та нар ямар газар очсоноо ажлаа аваад ухаарна даа” хэмээн анхааруулж байв. Ингэхдээ АТГ-ын үе үеийн дарга нарын бүтэл муутай түүхийг дурьдаж, энэ явдал шинэ удирдлагуудад хэзээ нэгэн цагт ирнэ хэмээн шуудхан хэлэх гишүүн ч байлаа. Нэр дэвшигчдийн хувьд гишүүдийн анхааруулгад төдийлөн ач холбогдол өгөлгүй гагцхүү хуулиас бусад юунд ч захирагдахгүйгээр улс төрөөс ангид, шударга ажиллаж чадна гэдгээ илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ албыг хашихад эр зориг шаардана. 

Та нар хуулийнхантайгаа тэмцэх хэрэг гарна. Би сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар өгвөл шалгаж чадах уу. Их зүйл байна. Гол нь та нар шалгаж чадах юм уу” хэмээн ам өчгийг нь асуув. Хариуд нь АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “АТГ гэдэг хараат бус байх ёстой байгууллага. Хэнээс ч хараат бус байхад надад ямар нэг асуудал гарахгүй” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Би энэ байгууллагад есөн жил ажилласан хүний хувьд жаргал зовлонг нь сайн мэднэ. Албан үүргээ гүйцэтгэхэд ямар нэг асуудал гарахгүй” хэмээн итгэл дүүрэн хариуллаа. Харин Д.Лүндээжанцан гишүүн мэргэжлийн хүний хувьд хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллахыг шинэхэн дарга нарт захилаа. Тэрбээр хууль дээдлэх зарчим болоод ёс зүй хоёр хэзээ ч зөрчилдөх ёсгүй гэдгийг мэргэжил нэгтний хувьд дахин дахин анхааруулав.

АТГ авлигад идэгдсэн хэмээн зарим гишүүн шүүмжилж, нэр төрийг нь сэргээх хүнд үүрэг хүлээж байгааг сануулсан. Тэгвэл АТГ хуулийн дагуу албан үүргээ биелүүлж ажиллахыг төр чөдөрлөж байгаа учраас тэд хуулийн дагуу, хурдан шуурхай ажиллаж чадахгүй байгаа юм хэмээн зарим гишүүн өмгөөлөв. Учир нь АТГ-ын үйл ажиллагаанд саад тотгор болох хууль тогтоомж баталж, хувийн ашиг сонирхлоор улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал газар авсан хэмээн Д.Хаянхярваа гишүүн шүүмжиллээ. Томилгоо бүрт болдог явж байгаа талаа өмгөөлөх үзэгдэл энэ удаад ч тойрсонгүй. Алдарт шударга бусын хонгилын түлхүүрийн эзнээр тодроод байсан Х.Энхжаргал даргыг ажлаа сайн хийсэн гэж дүгнэх хүн чуулганы хуралдааны үед нэгээр тогтохгүй байсан юм. Тухайлбал, Д.Хаянхярваа гишүүн “Х.Энхжаргал даргын ярьж байгааг сонсоход түүнийг муу ажилласан гэж хэлэх үндэслэл байхгүй. Том хэргүүдийг илрүүлэхэд зоригтой хөдөлж чадсан. Түүний хийж байсан ажлыг та нараас шаардана гэдгийг анхаараарай”  гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Миний найз Х.Энхжаргал нэг ч бизнесмэний толгойд гар хүрээгүй шүү. Очоод өмнөх даргыгаа хэр ажилласныг нь та хоёр дүгнээд олон нийтэд мэдээлэл өгөөрэй” хэмээн захив. Уламжлал ёсоор чуулганы хуралдааны үеэр шүүмжлэл тасарсангүй.Сүүлийн үед чуулганы хуралдаанаар томоохон гэмт хэргүүдийн талаар голлон ярих болж, үндсэн үүргээ умартах болсон талаар зарим гишүүд шүүмжилсэн. Энэ удаад ч мөн олны анхаарлыг татсан ноцтой хэргүүдийг нэхэн дурсаж, эдгээр хэргүүдийг хурдан шийдвэрлэхийг шинэ дарга нарт үүрэг болголоо. АТГ-ын удирдлагын томилгоотой холбоотойгоор мягмар гарагт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал 33 их наяд төгрөгийн асуудлыг хөндсөн нь энэ өдрийн чуулганы хуралдааны гол сэдвийн нэг байлаа.  

 

Авлигын хохирол жилд 10 дахин нэмэгджээ

Монгол Улс авлигын индексээрээ жил ирэх тусам ухарч байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцлов. Тэрбээр, “2015 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй” байгааг анхааруулж, энэ нь манай орны хувьд авлига соёл болтлоо газар авч байгаатай холбоотой гэв. Тухайлбал, хөтөлбөрийн хэрэгжилт 2017 онд 32, 2018 онд 35 хувьтай гарчээ. Тиймээс авлигатай тэмцэх асуудал зөвхөн АТГ-ын асуудал биш бөгөөд үүнд жирийн иргэнээс эхлээд хүн бүрхэн, аж ахуйн нэгж бүр хамаатай гэдгийг хуралдааны үеэр онцолж байсан. Нийгмийн ёс суртахууны доройтол авлигын өсөлттэй шууд холбоотой байдгийг улс төр судлаачид тогтоосон байдаг талаар Л.Энх-Амгалан гишүүн хэлсэн. Авлига газар авч байгаа нь нийгмийн ёс суртахууны доройтол төдий чинээ байгаагийн илрэл хэмээн өнөөдрийн нийгмийн өнгө төрхийг голыг нь олоод хэлчихэв. Захиас дүүрэн чуулганы хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 96 хувийн саналаар дэмжлээ. 

 

Ж.Батзандан: Богино хугацаанд идэвхтэй ажиллана

Өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг нягтлах Түр хорооны даргыг томилох байлаа. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон юм. Тэрбээр томилогдсон даруйдаа хэргийг илрүүлэхийн төлөө тууштай ажиллана хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр хэлэхдээ “21 жилийн дараа анх удаа парламентын танхим энэ хэрэгт анхаарал хандуулж, түр хороо байгуулж, парламентын бүтцээрээ анхаарал тавих нь ээ. Түр хороо өөрийнхөө зорилго чиглэлийг биелүүлж байж татан буугдана. Аль болох богино хугацаанд идэвхтэй ажиллаж, ОУПХ-оос гаргасан зөвлөмж, шаардлагыг анхаарч ажиллана. Ажлын төлөвлөгөөнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах, тэдний гэр бүлтэй уулзах гэх мэт асар их ажил байгаа” гэв. Түр хороо нь долоон гишүүнтэй бөгөөд ихэнх нь гурваас дээш сонгогдсон туршлагатай парламентын гишүүд байгаа аж. Тэд ирэх долоо хоногт хуралдаж ажлын төлөвлөгөөгөө батлахаас гадна ОУПХ-оос ирсэн дүгнэлт зөвлөмжтэй танилцах ажлын хэсэг байгуулах гэнэ. Мөн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч, прокурор, хэргийн сэжигтэн, хохирогч нартай уулзахаас эхлээд хийх ажил олон байна гэсэн юм. 

...УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл болон маргаан дагуулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Дугаар шилжих мөчид Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байв.