ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-02

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.05.03/-ийн хуралдаан 10.35 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1.Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
2.Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
3.Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/
4.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/
5.Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
6.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан
7.“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
8.“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
9.Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үдээс хойших хуралдаан:
10.Ерөнхий сайдын мэдээлэл /Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар/ сонсоно.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтүүдийг ойрын хугацаанд хэлэлцэх шаардлагатай гэдгийг зарим гишүүд онцолсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгойтой холбоотой асуудал олон жил яригдаж байгаа бөгөөд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлтээ ҮАБЗ-д өгсөн байгаа.

Ажлын хэсгийн санал, аудитын дүгнэлт, АТГ-д шалгагдаж байгаа асуудлыг нэгтгэж, дүгнэлтээ ажлын хэсгийн гишүүдэд өгсөн. Ажлын хэсэг 12 гишүүнтэйгээс найм нь гарын үсэг зурсан. Энэ дүгнэлт бол маш чамбай дүгнэлт гэж бодож байна. Дүгнэлтийг байнгын хороо, УИХ-аас тогтоол гаргаж, үүн дээр хамтарч ажиллах ёстой" гэсэн юм.

Одоо чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төслийг өчигдөр хэлэлцэж байсан бөгөөд ажлын цаг дуусч, өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.