ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНАСАУ пуужин туршлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-05

БНАСАУ-ын төрийн “KCNA” агентлаг энэ сарын 5-нд Умард Солонгос Ким Жон Уны удирдлага дор холын зайн пуужингийн туршилт хийсэн хэмээн мэдээллээ. Пуужинг нутгийн зүүн хэсгийн Ходо хойгоос бямба гарагийн өглөөний 09.00 цагт харвасан бөгөөд 70-200 км орчим зайг туулж, 09.27 цагт Япон тэнгист унасан байна. Энэ талаар KCNA “Энэ удаагийн сургуулилтыг өмнөд болон зүүн өмнөд бүсийн аюулгүйн албаныхан холын зайн тусгалт пуужин, зэвсэг хэрэгслийнхээ хүчин чадлыг шалгаж, үнэлэх зорилгоор зохион байгуулсан” гэж мэдээлсэн байв. 

БНАСАУ хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сард пуужин туршсан юм. Түүнээс хойш нэг ч пуужингийн туршилт хийгээгүй байсан билээ. Харин Ким Сөүлтэй харилцаагаа ойртуулж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийснээс гадна гадаад улсад төрийн айлчлал хийсэн юм. Өнгөрсөн жил тэрбээр Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй, Сингапурын Сентоза аралд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзалт хийснээс гадна  БНХАУ-д дөрвөн ч удаа айлчлал хийсэн. Эдгээр уулзалтын гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс болгох эсэх асуудал байв. Харин 2019 он гарсны дараа Вьетнамд Д.Трамптай хоёр дахь удаагаа уулзалт хийсэн хэдий ч, нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй. БНАСАУ-ын талаас тус улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулах саналтай. АНУ-ын хувьд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүр мөсөн татгалзуулах байр суурьтай байв. Гэвч, талуудын хэн нь ч байр сууринаасаа ухрах алхам хийгээгүй нь хэлэлцээр бүтэлгүйтэх шалтгаан болсон гэж үздэг. 

Юутай ч, Ханойн уулзалтаас хойш Ким Жон Ун анх удаагаа холын зайн тусгалт пуужин туршсан нь энэ. Ажиглагчдын үзэж буйгаар АНУ-аас Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахгүй байгаа нь Кимийг тэвчээр алдрахад хүргэж байх үндэслэлтэй аж. Туршилтын дараа Д.Трамп твиттер хуудастаа “Дэлхийд боломжгүй зүйл гэж үгүй. Ким Жон Ун Умард Солонгосын ирээдүй, эдийн засгийн боломжийг харлуулах зүйл хийхгүй гэдэгт итгэж байна. Тэр амлалтаасаа буцахгүй гэдэгт итгэж байгаа. Гэрээ байгуулах цаг нь ирэх байх” хэмээн жиргэв. 

Олон улсын ажиглагчид энэ удаагийн туршилтыг “Трамп-Ким” нарын уулзалт үр дүнгүй болсонд дургүйцлээ илэрхийлж, өөрийн хүчээ АНУ тэргүүтэй орнуудад харуулж байна” гэж тайлбарлаж байгаа юм. KCNA агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч ажиглалтын цэгт байлцаж, “янз бүрийн калибрын зэвсгээр дайсныг ялагдалд хүргэх галын цохилт өгөх төлөвлөгөөтэй” танилцжээ. Тэрбээр мөн “Галлах байрлалаа эзлэх, хол тусгалын тийрэлтэт том калибрын их буунууд болон алсаас удирддаг тактикийн зэвсгүүдийг байрлуулах зэрэг гал нээх бэлтгэлийн явцыг шалгасан” байна.