ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батбаяр: Иргэд хорооноосоо өмгөөлөгчийн зөвлөгөө үнэгүй авч болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-06

Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр болжээ. Энэ талаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбаас тодрууллаа.

-Өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг болно гэж байна. Иргэд үнэгүй зөвлөгөөг хаана очиж авах вэ. Эрх зүйн маргаантай бүх асуудлаар зөвлөгөө авах боломжтой гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 152 хороодод өмгөөлөгчид ажиллан, иргэдэд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн зөвлөгөө авах гэж хол явалгүйгээр өөрийн харьяалал бүхий хороондоо очоод үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн сургалтыг зохион байгуулна. Гэхдээ өдөр бүр өмгөөлөгч ажиллана гэсэн үг биш. Тодорхой хуваарийн дагуу, тухайн дүүрэгт ажиллах учраас өмгөөлөгчдийн ажиллах хуваарийг хорооноосоо авах боломжтой. Харин өөрийн биеэр ирэх боломжгүй бол хорооныхоо санал хүсэлт авах хайрцаг юм уу, хорооны ажилтнуудаар дамжуулан эрх зүйн туслалцаа авах боломжтой юм. Үнэгүй зөвлөгөө өгөх өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үнэгүй өмгөөлөх биш, зөвхөн үнэгүй зөвлөгөө туслалцаа үзүүлнэ гэсэн үг. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй зүйрлүүлж хэлбэл, анхны түргэн тусламжийн 103 дуудлагын утас гэсэн үг. Тиймээс эрх зүйн маргаантай асуудлаар зөвлөгөө авна гэж ойлгох хэрэгтэй.  Мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны www.ama.org.mn сайтаас хууль зүйн дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна өмгөөлөгчдийн мэдээллийг харах боломжтой. Өмгөөллийн үйлчилгээ хэрэгтэй бол энэ сайтаас Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн бүх өмгөөлөгчдийн мэдээлэлтэй танилцаж, өмгөөлүүлэх боломжтой юм билээ.

-Үнэгүй зөвлөгөөг хэдий хугацаанд үзүүлэх вэ?

-2019 оныг дуустал хэрэгжүүлээд үр дүнтэй байвал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчид эмзэг бүлгийн хүмүүст зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үүрэг­тэй гэсэн заалт орж байгаа тухай мэдээлсэн байсан. Тэгэхээр эмзэг бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ гэж ойлгож болох уу?

-Хууль тогтоох байгууллага яаж батлахаас шалтгаална. Үүрэг болгоод баталчихвал, үнэн төлбөргүй үйл­чилнэ. Өмгөөлөгч эмзэг бүлгийн иргэдэд эрх зүйн туслалцаа өгөх гэж оруулбал тэр нь сайн дурын үйл ажиллагаа болно. Ер нь өмгөөлөгчдийн холбооны бодлого бол зорилтод бүлэг буюу эмзэг бүлгийнхэнд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байх ёстой гэж үздэг юм билээ. 

-Нэг хороонд хэчнээн өмгөөлөгч ажиллах вэ. Зөвхөн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид л үнэгүй зөвлөгөө өгөх юм байна гэж ойлголоо?

-Тийм ээ. Монголын өмгөөлөгч­дийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил учраас тус холбооны гишүүд л иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Түүнээс биш өмгөөлөгч бүхэн иргэдэд үнэгүй зөвлөнө гэж ойлгож болохгүй. Үнэгүй зөвлөгөө, туслалцаа авахыг хүсвэл өөрийн харьяа хороондоо очих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид нэг хороонд багадаа хоёр өмгөөлөгч ажиллуулахаар төлөвлөж байна. 

-Үнэгүй зөвлөгөө өгнө гэхээр өмгөөлөгчид хэрхэн хүлээж авч байгаа вэ. Иргэдээс төлбөр авахгүй ч гэлээ мэдээж тэд ажлын хөлсөө авах шаардлагатай болох байх. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ? 

-Өргөн хүрээтэй, урт хугацаатай ажил зохион байгуулж байгаа учраас мэдээж зардал гарна. Байр байшин, сургагч багш зэрэг үйл ажиллагааны зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санхүүжүүлэх юм. Иргэдэд үйлчилж байгаа өмгөөлөгчдөд ямар нэг төлбөр төлөхгүй. Өмгөөлөгчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. Мэдээж өмгөөлөгчид өдөр бүр хороодод ажиллах боломжгүй. Тодорхой хуваарийн дагуу ажиллана.