ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Шаарийбуу: Нажиб Разакийг шүүхэд дуудахыг хүсэж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-06

Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн ээлжит шүүх хурал өчигдөр эхэллээ. Тус шүүх хуралд талийгаачийн аав гэрчээр оролцсон бөгөөд тэрбээр Нажиб Разакийг шүүх танхимд дуудахыг хүсчээ. Түүнээс шүүгдэгч талын өмгөөлөгч 2005 оны Ш.Алтантуяа, Абдул Разак Багинда, Нажиб Абдул Разак нарын хамтдаа авхуулсан зургийн талаар асуусан байна. Учир нь С.Шаарийбуу өмнө нь талийгаач 2006 онд Малайз руу явахынхаа өмнө оргинал зургийг өөрт нь үзүүлж байсан тухай ярьсан байдаг. Тэгвэл өчигдрийн шүүх хурал дээр сэжигтний өмгөөлөгч Норинна гэрчээс мэдүүлэг авсан байна. Тодруулбал, 

Норинна: Тэр зураг ямар хэмжээтэй байсан бэ. Жижиг эсвэл том байсан уу. 

Шаарийбуу: Стандарт хэмжээ­тэй байсан. 8х12 см. 

Норинна: Алтантуяаг явсны дараа та тэднийд  очсон уу, эсвэл хүүхдүүдийг нь гэртээ авчирсан уу. 

Шаарийбуу: Би тэднийд очиж, хүүхдүүдийг нь харж байсан. 

Норинна: Тэгэхдээ та зургийг хайж үзээгүй юу.

Шаарийбуу: Үгүй. 

Норинна: Угаасаа тийм зураг байгаагүй юм биш үү.

Шаарийбуу: Би өөртэй чинь санал нийлэхгүй байна. Энэ асуултын дараа Шаарийбуу гуай эгдүүцэж, “Энэ олон жилийн турш та нар бүгдээрээ надаас ижил асуулт асууж байна.

Надаас асуухынхаа оронд яагаад тэр зураг дээр байгаа хүмүүсийг дуудаж, мөн эсэхийг нь асуухгүй байгаа юм бэ” хэмээн бухимдсан байна.  Мөн тэрбээр шүүх хурал Ш.Алтантуяа агсны 40 насны ойтой давхцаж байгаа тул шүүх хэргийг шударга шийдэж өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Дараагийн хэргийн сонсгол энэ сарын 13-нд болох аж. Талийгаач бүсгүйн амийг бүрэлгэсэн хэрэгт Малайзын Демократ намын удирдагч асан Лим Кит Сиан, Датук Сери Нажиб Разак нарыг сэжигтнээр татсан юм. Өмнө нь Лим Кит Сиан өөрийгөө хэрэгт хамааралгүй хэмээн мэдүүлж, Нажиб Разакийг аллагыг үйлдсэн гэж мэдэгдэж байв. Хэргийг эргэн сануулбал, Малайзын нийслэл Куала Лумпур хотноо орос хэлний орчуулга хийдэг байсан Ш.Алтантуяа гэх бүсгүй одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Малайзын улс төрийн нөлөө бүхий эрхмийн явуулсан хүмүүс болох цагдаагийн албан хаагч Сирул Азар, Азила Хадри нарын гарт ёс бусаар амиа алдсан гэдэг билээ. Гэмт этгээдүүд бүсгүйг хөнөөх гэж барьцаалан ой руу орох үед таксины жолооч машины дугаарыг нь тэмдэглэн авч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд тухайн үед машиныг шалгаж үзэхэд Малайзын Засгийн газрын бүртгэлтэй байсныг олж тогтоосон байдаг. Бүсгүй амь гуйх үедээ өөрийгөө жирэмсэн хэмээж өршөөхийг гуйсан ч сэжигтэн этгээдүүд ёс бусаар тамлан, буудаж дараа нь тэсрэх бөмбөг биед нь байрлуулж дэлбэлсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллээр гарч байлаа.  Энэ хэргийн захиалагч гэх Улс төрийн шинжээч Абдул Разактай талийгаач нь дотно харилцаатай байсан бөгөөд Ерөнхий сайд асан, тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан Нажиб Разактай мөн танил байсныг хэргийн гол гэрч гэх Ш.Алтантуяа агсны үеэл О.Бурмаа шүүхэд мэдүүлж байжээ. Энэ хэргийг олон жилийн турш хоёр улсын найрамдалт харилцаа гэх шалтгаанаар шийдэхгүй явсан. Харин өнгөрөгч онд Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын шинэ Ерөнхий сайд Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээхдээ хэргийг эргэн шалгаж өгөхийг хүссэн байдаг юм.  2008 онд Абдул Разакийг баривчлан хорьсон ч Дээд шүүхийн шийдвэрээр гэм буруугүй хэмээн тогтоосон. Мөн 2015 онд хэргийг шийдэж, Сирул Азар, Азила Хадри нарт цаазаар авах ял ногдуулсан ч Сирул Австрали руу оргон зайлж, тэндээ саатуулагдсан тухай мөн л дэлхийн сайтуудаар мэдээлэл гарч байлаа. Тэгвэл энэ хэргийг өнгөрөгч оноос эргэн сэргээн шалгаж, гурван сарын өмнө шүүх хурал болсон. Монголын талаас талийгаачийн аав С.Шаарийбуу, түүний хоёр хүү гэрчээр оролцох байсан ч Ш.Алтантуяагийн бага шүү Мөнхтулгын Алтаншагай 2017 онд 15 настайдаа мөнх бусыг үзүүлсэн учраас том хүү нь болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцсон юм. Гэвч хойшлуулж, өчигдөр Куала Лумпур хотноо болж байгаа нь энэ юм. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга оролцож байна.