ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бельгид оёдлын салон нээсэн монгол бүжигчин

O.Admin
2019-05-08

Сүүлийн үед өдөр бүр л бараан мэдээ чих дэлсэх болсон энэ үед бас сайн сайхан мэдээ авч байгаа. Тэр тусам харьд сууж, ажиллаж амьдарч буй монголчууд маань ихэнхдээ л сайн сайхан мэдээтэй байгаа нь бахархмаар юм. Бенилюксийн орны / Бельги  Нидерланд Люксембург гэсэн гурван орон/ нэг болох Бельгийн вант улсад ажиллаж, амьдарч буй 1000 орчим монгол иргэний нэг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Банзрагчийн Оюунчимэг хэмээх эрхмийн талаар найз нөхөд, ойр дотны бүхэн нь бахдан ярьсаар байна. Бельги улсын Антверпен хотод ажиллаж,  амьдарч байгаа монголчууддаа түшиг тулгуур, үлгэр дуурайлал болж буй энэ бүсгүй Өврийн сайхан хангай нутгийн унаган охин. Төрсөн нутагтаа дунд сургуулиа төгсөөд,  авъяас чадвараараа шалгарч аймгийнхаа Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр орж ажиллажээ. Тэрбээр бүжиглэх авъяастайн дээр сайхан дуулдаг бас мандолин хөгжмөөр шаггүй тоглочихдог байжээ. Б.Оюунчимэг бүсгүй сайхан хань ижилтэй боллоо хэмээн түүнийгээ дагаад нийслэлийг бараадсан ч амьдрал гэдэг хүн бүхний санаснаар тэр бүр жаргалаар бялхдаггүй нь жишээ түүнийг тойроогүй. Түм түжигнэж бум бужигнасан Богдын хүрээ гэдэг шиг нийслэлд ирээд тэрбээр юу эсийг үзсэн гэх вэ. Нэг үе амьдралын хатуу хөтүү ч түүнийг тойроогүй. Цэцэрлэгийн багш хийгээд,  түмний хүүхдийн дунд инээж зогссон үе байхад ногоо жимс зарж амьдралаа залгуулах гээд гадаа гандаж,  хөдөө хөхөрч явсан үе ч бас бий. Хөөрхөн охин нь төрөлтийн буруу эх барилтаас болж өвчинд баригдаж,  сэтгэл санаагаар гундах үе ч түүнд байсан. Дарь эхээс явганаар гүйсээр Баянгол дүүрэг орж,  ажил хайж ч үзсэн.

Барилгачин болж,  3-6 давхар орон сууц босголцож, СӨХ хүртэл ажиллуулсан гээд юу эсийг хийсэн гэх вэ. Гэхдээ тэр сайн  аав, ээжийн удам учраас нуруу бөхийхгүй зүтгэж явсаар өнөөдөр охиноо ч эмчлүүлээд,  эрүүл саруул болгоод авлаа. Охин нь түүнд хөөрхөн зээ төрүүлж өгч, магнайг нь хагалах шахам баярлуулж явна. Сайхан бүсгүйг хайрлаж чадахгүй хардаж сэрдээд үйлийг нь үзэж явах нэгэн байхад хайрлахын дээдээр хайрлаад халамжлаад авах ханьтай учирч,  тэрбээр ёстой л “хайрын амт”-ыг мэдэрч явна. Өнөөдөр Банзрагчийн Оюунчимэг гэх энэ бүсгүй  Бельги улсын Антверпен хотод өөрийн гэсэн жижигхэн оёдлын салон  нээж,  түүндээ Pro retouche OB гэж нэр хайрлажээ. Тэр бас Антверпенд байдаг “Монгол Ирээдүй" сургуулийн бүжгийн багшаар ажиллаж  байгаа. Энэ жил сургуулийнх нь гурван жилийн ой болно. Таван багштай,  23 сурагчтай энэ сургууль тэндээ л бяцхан монголчуудыг монгол хүн байхад нь тусалж байна. Энэ бүсгүйд  чадахгүй зүйл алга.  Б.Оюунчимэг залуу монгол бүсгүйчүүддээ  үндэсний дээл хувцсаа урлах эрдмийг түгээж, олон сайхан шавьтай болсны дээр түүний энэ бүтээлч, хөдөлмөрч чанарын тухай нэгэн  найз нь “Манай найзад чадахгүй юм гэж бараг л байхгүй дээ. Үс засна, үйл үртэс, дарх, мужаан хийнэ. Ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ тултал хийдэг хүн ...” хэмээсэн нь Б.Оюунчимэгийн талаарх тодорхойлолт. Банзрагчийн Оюунчимэг Бельгид очоод аль хэдийнэ 10 шахам  жил болчихож.  Тэр эндээс нутаг нэгтнээ олж ханилсан. Түүний хань МУСТА, Армийн театрын найруулагч  Б.Батбаяр гэж эр шиг эр хүн бий хэмээн бас л Б.Оюунчимэгийн найз нөхөд магтана. Хоёр сайхан хүн нийлэхээр, дээр нь хөдөлмөрөөр чимэхээр амьдрал улам л сайхан болдог хойно доо.

Тэдний амьдрал жил ирэх тусам л өөдөлж,  дэвжиж сайн сайхан явна. Бүх л авьяас чадвараа ашиглаж,  янз бүрийн ажил эрхэлж, санаачилж, ер нь л зүгээр сууж чаддаггүй хүн юм байна хэмээн үүнийг тэрлэгч би бас нэмэрлэе. Бичиж буй хүнтэйгээ огт холбогдохгүйгээр чимээнээр түүний тухай бичнэ гэж юу байх вэ. Би түүнтэй холбогдож амьдрал ахуйн нь тухай тухтайхан хөөрөлдсөн. Түүний дууч, хуурч байх нь аргагүй юм билээ. Тэрбээр өнөө домог болсон Хөхөө Намжилын найм дахь үеийн хүн гэвэл танд магад сонин сонсогдож буй биз ээ. Түүний аавын ээж Б.Дима гэж сайхан буурал 100 дөхсөн насыг зооглоод одоо ч ухаан санаа тунгалаг сайхан амьдарч байна. Б.Оюунчимэгийн маань аав,  ээж хоёр Д.Банзрагч, Ч.Даваадолгор нар ч өдгөө нийслэл хотдоо аж төрөн сууна. “Монголд минь ажил төрөл хангалттай, жирийн иргэд нь хөл дээрээ хурдан өндийх боломжтой байсан бол энэ олон сайхан монгол залуус харийн оронд сайн,  муу ажил хийхгүй л байсан даа” хэмээн шүүрс алдах тэрбээр өнөөдөр Бельги улсад буй болгосон бүхэндээ тийм ч хялбар хүрээгүй. Анх Польш улсад  хэлний курст сурна хэмээн найман нөхдийн хамт Москваг зориод,  улаан талбай дээр хөл тавиад л салцгаасан гэдэг. Тухайн үед ангийн охин нь Бельгид байгаа гээд түүнээ зорьж явсан ч олоогүй. Бельгид хөл тавиад удаагүй байхдаа явганаас бэртэж,  эгэмээ хугалчихаад хүний газар гав ганцаараа хэрхэн зовж байснаа бодоход би өнөөдөр сайхан байна хэмээн тэрбээр өгүүлнэ билээ. Энэ тухайгаа тэрбээр “Тэр үе нэлээд хүнд байсан шүү. Манай Гэмтлийн эмнэлэгт байсан даа, Болороо гэж эмч энд байсан нь аз таарч намайг монгол дээл бүстэй аваад ир” гэж  хэлүүлсэн байсан.

Би Бельгид ирээгүй байхдаа  одоогийн энэ ханьтайгаа танилцсан юм. Хүн танихгүй, хэл мэдэхгүй надад хань минь тус болж,  Болороо эмчийн байгаа газар хүргэж өгч билээ. Тэнд байсан бельги эмч миний эгэмийг үзчихээд “Энэ хүнийг унтуулж байгаад дахиад эгэмийг нь хугалж эргүүлж эдгээнэ” гэж байхад манай монгол эмч гарыг минь хойш татаж бүсээр ороогоод л наймын тоо эргүүлсэн юм шиг л толгойн ард татаад боочихсон. Тэгээд л хоёр сар болоод л эдгэсэн дээ. Монгол хүний ухаан гэдэг гайхалтай. Уг нь улс орон минь энэ нэг шилжиж дуусдаггүй шилжилтээсээ хурдхан шиг гараад,  эмх журмандаа орж иргэдээ дээдэлдэг бол энэ ертөнцийн өнцөг булан бүрт буй олон сайхан монголчууд нутаг орондоо ирнэ дээ, Белги орон миний төдийгүй олон монголчуудад ээлтэй улс юм. Энд буй эрчүүдэд маань ажил ховор олдох талтай. Гэхдээ яах вэ, барилга, засварын гэх мэт л ажил хийцгээж байх шиг байна. Харин дийлэнх бүсгүйчүүдэд маань цэвэрлэгээний голдуу ажил олдоно. Еврей, бельги айл цэвэрлэж хүүхэд хардаг. Монголчуудын төрөлх чанар байх, их олон зүйлд авъяастай. Хувиараа оёдол хийдэг хоёр ч эмэгтэй бий. Миний хувьд банкны зээл авч энэ салоноо байгуулсан. Эндхийн банкны зээлийн хүү монгол шиг биш шүү дээ. Тухайлбал, дөрвөн жилийн хугацаатай 8000 евро банкнаас зээллээ гэхэд хүү нь  1500 евро л болох  жишээтэй. Энд амьдрах бичиг баримттай хэнд ч гэсэн манайхны ярьдгаар ХЭАА байгуулахад тийм ч хэцүү биш.

Зөвшөөрөл авах бичиг баримт дээрээ анхнаасаа үйл ажиллагааны чиглэлээ зөв бичээд өгөхөд татгалзаад байдаггүй. Хамгийн гол нь би чинь үйлчилгээ явуулах гэж байгаа хүн учир хэл сайн байх ёстой гэсэн болзолтой гэх юм уу даа. Хэрэв таны орлого тодорхой хэмжээнд хүрээгүй бол анхны жилдээ татвар төлөхгүй гэсэн бас нэг заалт байдаг юм билээ. Орлогоосоо хамаараад татвар ч уян хатан. Улирал бүр тайлан тооцоогоо гаргаж өгдөг. Миний хувьд үйлчлүүлэгч олонтой. Оёдол хийхээс гадна саяхан хатгамлын их сайхан машин авсан. Түүгээрээ олон зүйл хийж байна.Өөр ч хийх зүйл их байна даа” гэсээр яриагаа өндөрлөлөө. Хаа явсан газраа Монголоо гэсэн халуун сэтгэлтэй энэ бүсгүй хоёр найз бүсгүйтэйгээ хамтарч “Гэр бүл холбоо” гэсэн ТББ байгуулж,  түүгээр дамжуулан олон зүйлийг хийж байгаа юм билээ. Өөрсдийн гараар хийсэн монгол цагаан идээг нь зооглох гэж хөрш улсуудад буй монголчууд төдийгүй бельгичүүд ч олон болжээ. Залуу охид бүсгүйчүүддээ цагаан идээгээ хэрхэн боловсруулах талаар зааж сургаж, тэдэндээ үлгэрлэж буй гэнэ. Түүний “чадна аа, болно оо” гэсэн дайчин хөдөлмөрч чанар өөрийг нь ч гялалзуулж, эргэн тойрныхныг нь ч баярлуулж явна.