ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Хоёрхон тохиолдолд л Захиргааны хэргийн шүүх хянахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-08

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн билээ. Тэгвэл үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлж Хэмжилзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа, нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг тус хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. 

Үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн чухал хуулийн төсөл нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан юм. Хуульчдын зүгээс асар их эсэргүүцсэн энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгч буцаан татах талаар санал оруулсан ч Их хурал эцэслэн батлах зөв гэж үзээд өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд 38 гишүүн оролцож, 52.6 хувийн саналаар батлав. 
Энэхүү хууль батлагдсанаар Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй болж байгаа юм.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Орон нутагтаа иргэд нь эзэн байх эрхэд харшилсан хуулийн төсөл учраас дэмжихгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ардчилал алга болох хуулийн төсөл хэмээлээ. Тэрбээр, “Шүүх хуулийн өмнө бид бүгд тэгш эрхтэй. УИХ, Засгийн газар ч ялгаагүй. Гэтэл УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газрын шийдвэр гарсан бол түүнийг нь Захиргааны хэргийн шүүхэд хянахгүй болж байна. УИХ дандаа зөв шийдвэр гаргах юм уу. Хэн нэгний алдаа дутагдлаас болж системийг бүхэлд нь муухай харагдуулж болохгүй” хэмээн шүүмжиллээ. 

Харин хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Засгийн газрын бүх шийдвэрийг хянахгүй гэсэн юм биш. Зөвхөн хоёр тохиолдолд Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад болон Ерөнхийлөгчөөс санал гарсан учраас хумьж оруулж ирлээ” гэсэн хариулт өгөв. Нэгдүгээрт, батлан хамгаалах аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилготой Засгийн газрыг шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй. Хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж үзжээ. Олон удаагийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой хоёр асуудал болгон хумьж оруулсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлж байлаа.