ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Оргил: Кино урлагт эргэлддэг мөнгөний тодорхой хувийг Монголд оруулж ирэхийн төлөө хичээнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-09

Ерөнхийлөгчийн кино салбар хариуцсан орон тооны бус зөвлөх, “Монголын Үндэсний кино хороо” ТББ-ын тэргүүн, жүжигчин, продюссер М.Оргилтой цөөн хором ярилцлаа. 

-“Монголын Үндэс­ний кино хороо” ТББ-ыг байгуулсан юм байна. Кино хороо байгуулсны гол зорилго нь юу вэ. Ямар үйл ажиллагаа явуулах юм бол?

-Дэлхийн кино урлагийн төв, хам­гийн том зах зээл болох  Холливудын уран бүтээл­чид­тэй хамтарч ажил­лах, Монголд кино зураг авалт хийлгэх зорил­готой­ энэхүү ТББ-ыг байгуулсан. Үндсэндээ кино урлагт эргэлдэж буй асар их хөрөнгө мөнгөний тодорхой хувийг Монгол руу чиглүүлэх боломжийг хайж байгаа юм. Тэгэхийн тулд бидэнд хууль, эрхзүйн орчин хэрэгтэй. Тиймээс Монголд киноны тухай хуулийг батлуулах зорилготой ажиллаж байна. Зүгээр ч нэг батлуулаад зогсохгүй Киноны тухай хуульд маш нарийн зохицуулалтуудыг оруулахаар Холливудын хуулийн компанитай хамтарч ажиллаж байгаа. Эх орондоо кино зураг авалт хийлгэхийн тулд шаардлагатай бүх нарийн заалтуудыг хуульд оруулах зорилготой юм. Түүнээс гадна, гадаадын уран бүтээлчид манайд ирээд киноны зураг авалт хийнэ гэвэл дэд бүтэц хэрэгтэй. Тэр нь кино үйлдвэр. Бид кино үйлдвэрийн төсөл боловсруулаад, ТЭЗҮ-ээ гаргаад, зураг төслөө ч бэлэн болгосон. Одоо кино үйлдвэрээ барих хөрөнгө босгох ажил л үлдээд байна. Ийм гурван том зорилготой ажиллаж буй “Монголын Үндэсний кино хороо” ТББ-ыг 2017 онд би үүсгэн байгуулсан. Түүний хажуугаар, Монголдоо кино уран бүтээлийг олноор бүтээж, дэлхийд эх орныхоо ёс заншил, соёл урлаг, түүх, үнэт зүйлийг сурталчлахын төлөө ажиллана.  

-Танай ТББ Олон улсын кино хороодын ассоциацо /AFCI/-ийн албан ёсны гишүүн болсон юм байна. Энэ байгууллагын гишүүн болсноор ямар боломж бий болох вэ?

-Энэ байгууллага дэлхийн 45 орны 300 гаруй гишүүнтэй.  Ийм том байгууллагын гишүүн боллоо. Ингэснээр Холливудын уран бүтээлчидтэй энэ байгууллагаар дамжуулан холбогдох боломжтой боллоо гэсэн үг. Холливудын “Netflix”, “HBO”, “Paramount” гээд өөр ямар л том кино компаниуд байна тэдэнтэй биднийг холбож өгдөг байгууллагын гишүүн болсон гэсэн үг. Хэрвээ энэ том кино компаниуд Монголд кино зураг авахаар шийдвэл энэхүү байгууллага бидэнд хандаж, холбож өгнө. Бид Монголд таатай орчин бүрдүүлээд, аль болох кино зураг авалт хийлгэхийг зорино. Монголд киноны хууль, кино үйлдвэр гээд таатай орчин бүрдээгүй байсан ч маш сайхан байгальтай, олон хоног нарны гэрэлтэй байдаг. Мэргэжлийн боловсон хүчинтэй, техник тоног төхөөрөмжтэй газар. Тийм учраас Монголд ирж кино зураг аваач гэж ярина. Тэгж ч сурталчилж байгаа, одоо. Бидэнд боломж байгаа учраас ингэж сурталчилж байгаа юм. Шинэ Зеланд, Норвеги зэрэг улсууд ийм маягаар ажиллаад өндөр амжилтад хүрсэн. Шинэ Зеландад “Бөгжний эзэн”, “Хоббит” киноны зураг авалтыг хийсэн. Тэр улс кино үйлдвэргүй мөртлөө ийм том кинонуудын зураг авалтыг хийлгэж чадсан. Төр засгийнхан нь маш их дэмж­сэн. Шинэ Зеландын Ерөн­хий сайд өөрөө очиж уулзаад, 15 сая ам.доллар санал болгож, өгч байсан юм билээ.  

-Киноны тухай хуулийг хэзээ өргөн барих вэ. Төсөл нь эцсийн байдлаар бэлэн болж байгаа юу?

-БСШУС-ын яамнаас Киноны тухай хуулийн төслийг Засгийн газарт оруулсан байна билээ. Удахгүй Засгийн газраас УИХ-аар хэлэлцүүлэх байх. Хуулийн төсөл хэт ерөнхий байсан. Хуулийн төслийг Засгийн газарт оруулаад явж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ нарийн зохицуулалт байх ёстой. Монголд ирж зураг авах гэж байгаа уран бүтээлчдэд. Мөн Монголынхоо кино уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Мөнгө өг гэсэн үг биш. Татварын буюу татварын бус татаас гэж байдаг. Кинонд хөрөнгө оруулж байгаа компаниудыг татвараас чөлөөлнө гэсэн үг. Монголын нэг компани кино уран бүтээлчдэд хөрөнгө оруулбал тодорхой хэмжээнд татвар төлсөн гэж тооцож, чөлөөлөх тогтолцоо юм. Ийм нарийн заалтуудыг оруулахаар ажиллаж байгаа. Би түрүүнд Шинэ Зеландын Ерөнхий сайд Холливудын киноны зураг авалтыг эх орондоо хийлгэхийн тулд 15 сая ам.доллар өгсөн гэсэн дээ. Яагаад мөнгө өгөөд байгааг хүмүүс гайхаж асуух байх. Холливудынхан хэдэн зуун сая ам.доллараар кино хийдэг. Тэр төслийг улсдаа авахын тулд хуулиа баталдаг, кино компаниудтай хэлэлцээр хийдэг. Гадны киночдыг эх орондоо авч ирэхийн тулд зарцуулсан мөнгөний  тодорхой хувийг буцаан олгох заалтыг хуульд заавал оруулж өгөх ёстой. Англи, Унгар гэхэд 25-30 хувийн буцаан олголт өгдөг юм билээ.  Энэ бол хуулийн гол амин сүнс. Гадны киночид ийм л нөхцөлтэйгөөр улс орнуудад очиж зураг авалт хийдэг. Тийм хууль байхгүй бол ирэхгүй. Нөгөө талаар бид кино уран бүтээлчдээ шаардлага тавих боломжтой. Киноны төсвийн 70-80 хувь нь Монголд зарцуулагдсан байх ёстой. Эсвэл кино зураг авахдаа Монголд бүртгэлтэй компани байгуулж, манай улсад татвар төлөх. Мөн киноны зураг авалтын 75 хувь нь Монголд хийгдсэн байх ёстой гэх мэт заалтуудыг оруулж өгөөд, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж болно. Маш том төсөвтэй киноны зургийг Монголд авна гэвэл маш олон хүн ажлын байртай болно. Цэвэрлэгч, барилгачин, мужаан, оёдолчин, жолооч, үсчин, нүүр будагч, цахилгаанчин гээд бүхий л мэргэжлийн хүнийг ажиллуулна. “Марко Поло” кинонд 3500 хүн ажилласан гээд бод доо.  Ийм л ач холбогдолтой. Асар их мөнгө эргэлдэж байгаа. Үүнийг л бид Монголд оруулж ирэхийн төлөө хичээж байгаа юм. Тиймдээ ч хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Удахгүй өргөн баригдах байх аа. 

-Танай ТББ кино үйлдвэрийн төсөл боловсруулаад, зураг төслийг нь хийчихсэн гэсэн. Хэдхэн хоногийн өмнө кино үйлдвэрийн шав тавилаа. Хоёр өөр кино үйлдвэр гэж ойлгож болох уу?

-Би шууд өөр гэж хэлэхгүй. Бидэнд кино үйлдвэрийн төсөл байна. Санхүүжилтээ босгох гээд ажиллаж байна гэж хэлсэн дээ. Майдар хотод шавыг нь тавьсан кино үйлдвэрийн төслийн санхүүжилт шийдэгдээгүй байгаа. Би кино үйлдвэрийнх нь талаар нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ одоохондоо ямар нэг кино үйлдвэр барих төсөв мөнгө шийдэгдсэн гэсэн мэдээлэл хүлээж аваагүй. Тэгэхээр бид нэг гараан дээр байна. Тэгэхээр миний хүсэл бол шав тавьсан газраа бидний зураг төсөл, ТЭЗҮ-ийг ашиглаад кино үйлдвэр барьчихаасай л гэж хүсч байгаа юм. Тэгвэл “Монголын Үндэсний кино хороо”-гоороо дамжуулаад кино үйлдвэр барьдаг гадны компанитай холбож өгч болж байна. Өөрсдөө ямар нэг компани, үйлдвэртэй хамтарч ажиллаж байгаа бол хороогоороо дамжуулаад тэр үйлдвэрийнх нь хэрэгцээг хангаж өгч болно. Нээлттэй л байгаа. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг шүү дээ. Ерөнхийлөгч кино үйлдвэр, киноны хууль гээд бүгдийг дэмжиж байгаа юм. 

-Олон улстай хамтарсан уран сайхны болон баримтат кино, контентийн төслүүдийг эхлүүлсэн гэсэн. Ямар уран бүтээл хийх гэж байгаа юм бол?

-Манай кино хорооны уран бүтээл хариуцсан захирал Ж.Мишээл Польшуудтай хамтраад, Барон Унгерны тухай баримтат кино хийхээр ярьж эхэлсэн. Төсөл хэлэлцээрийн түвшинд байгаа. Манай кино хороонд хоёр уран сайхны киноны төсөл ирчихсэн. Нэг нь Бат хааны тухай том төсөл. Гэхдээ бас л хэлэлцээрийн хэмжээнд байна. Ер нь олон төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байгаад цөөн хэд нь уран бүтээл болдог шүү дээ. Бид тэр журмаар л төслөө хэлэлцээд л явж байна. Барон Унгерны тухай уран сайхны кино хийх талаар ярьж байгаа. Оросуудаас ирсэн санал. Уран бүтээл болох хамгийн өндөр боломжтой нь энэ төсөл юм. Бид өөрсдөө “Маш муу зүйлс” нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж байна. Зохиолоо дуусгаад, удахгүй киноныхоо багийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ зун зураг авалтаа хийнэ. Гаднаас уран бүтээлчид авч ажиллуулна. Мөн манай кино хороо уран бүтээлчдээ боловсруулах чиглэлээр ажиллана. Сургалт хийнэ. Кино зохиол, продюссер, найруулагч, зураглаачийн сургалт явуулах юм. Дэлхийн түвшний мэргэжлийн кино уран бүтээлчдийг бэлтгэнэ. Тэгж байж бид Оскар авна шүү дээ.   

-Үндэсний кино хороог байгуулаад, Олон улсын кино хороодын ассоциацийн гишүүн болсноос хойш Монголд зураг авалт хийх хүсэлтээ илэрхийлсэн гадаадын уран бүтээлчид гарч ирсэн үү?

-Манай улсад кино зураг авахаар сонирхож байгаа уран бүтээлчид олон байна. Бид хоёр жилийн турш эх орноо сурталчилж байгаа. Цахим хуудсандаа хүртэл “Та Монголд дэлхийн бүхий л өнцөг буланд байгаа мэтээр зураг авалт хийх боломжтой” гэж суртачилж байгаа. Одоо олон уран бүтээлч манай улсын талаар мэддэг болсон. Татварын болон хууль эрхзүйн орчин нь хараахан бүрдээгүй ч кино хороотой, багтай, Ерөнхийлөгч нь дэмждэг юм байна гэдэг ойлголт авчихлаа. Компаниуд сонирхож байна, очиж зураг авъя, мэдээллээ явуулаач гэдэг байдлаар ханддаг болсон. Холливудын компаниуд ямар кино хийх гэж байгаа, зураг авахад юу шаардлагатай талаар мэдээллээ  Олон улсын кино хороодын ассоциациар дамжуулж явуулдаг. Нууц мэдээллээ шүү дээ. Ийм ийм кино хийнэ, тийм хэмжээний төсөвтэй. Зураг авахад ийм зүйл хэрэгтэй. Нуурын эрэг дээрх жижиг тосгонд зураг авна. Эсвэл хуучны зочид буудал байх ёстой. Кино павильон байх ёстой юу гэдгээ зааж өгнө. Тэгээд хариугаа өгөөч гэдэг. Харамсалтай нь одоо болтол Монголд зураг авалт хийж болохоор нэг ч зохиол бид аваагүй байна. Бид кино хороо байгуулсан төдийд л ийм боломж гарч ирж байгаа юм чинь цаашид зорьж буй ажлуудаа хийгээд, идэвхжүүлчихвэл удахгүй Холливудын уран бүтээлчид Монголд киноныхоо зургийг авна гэж найдаж байгаа.