Бундес лигийн аварга сүүлчийн тойрогт шийдэгдэнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-11

Германы Бундес лигийн 33 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Байерн Мюнхэн” клуб “Лейпциг” багийн талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр 75 оноотой болж, түрүүлэх боломжоо алдлаа. Хэрвээ хожсон бол нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангах байсан юм.

Тэргүүлэгчийг хоёр оноо алдаж байх зуур “Боруссия Дортмунд” клуб талбайдаа “Фортуна” клубыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авснаар 73 оноотой боллоо. Ийнхүү цом өргөх багийн нэр 34 дүгээр тойрогт шийдэгдэхээр болж байна.

Тоглолтын 41 дэх минутад Пулишич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 47 дахь минутад зочдоос Финк хариуг нь барьж, тэнцүүлсэн юм. Гэвч 53 дахь минутад Дилэйн гоолдож, эзэн багт тэргүүлэл авчирсан. Уг нь 59 дэх минутад зочин багийнхан тоог тэнцүүлэх боломжтой байсан ч торгуулийн цохилт алдав. Улмаар 82 дахь минутад Адам Бодзек улаан хуудас авч, “Фортуна” оноотой буцах боломжоо үгүй хийсэн юм. Хүн илүүтэй  эзэн багаас Гётце 90+1 дэх минутад гоолдож, хожлоо баталгаажуулсан. Түүний гоолоос 2 минутын дараа Ковнацки хариу барьсан ч “Боруссия Дортмунд” гурван оноогоо баталгаажуулсан учраас аюултай байж чадсангүй.

34 дүгээр тойрогт “Байерн Мюнхэн” талбайдаа “Айнтрахт”-ыг хүлээж авна. “Боруссия Дортмунд”-ын хувьд “Боруссия Мюнхэнгладбах”-ын талбайд зочилно. “Байерн”-ы хувьд хожигдохгүй байхад л түрүүлнэ. Харин “Боруссия Дортмунд” заавал хожиж байж эсрэг багийн тоглолтын үр дүнг харах даалгавартай үлдэж байна.