ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-БНХАУ-ын “дайн” дуусч магадгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-12

БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч, тус улсын эдийн засгийн архитектур гэгддэг Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо айлчилж, хоёр орны хоорондын худалдааны яриа хэлэлцээрийг эхлүүлсэн билээ. Хэлэлцээр энэ сарын 9, 10-нд үргэлжилсэн юм. 

Тус хэлэлцээр эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тавдугаар сарын 10-наас Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа 10 хувиас 25 болгон нэмнэ хэмээн “сүрдүүлсэн”. 

Ингэх шалтгаанаа хэлэл­цээрийн явцад Хятадын тал тохиролцооноосоо тат­галз­сан­тай холбон тайлбарлаж байв. Харин Бээжингийн зүгээс “Хятад улс харилцан хүндэтгэлтэй хандаж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчим нь хэлэлцээр хийх үндсэн нөхцөл гэж үзсээр ирсэн. Татварыг нэмэгдүүлэх нь ямар ч асуудлыг шийд­вэрлэж чадахгүй. Хэлэлцээр гэж хэлэлцүүлгийн үйл явц, Талууд зөрөлдөх бол хэвийн зүйл. Хятадын тал хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа” гэх хариу тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон 11 дэх удаагийн хэлэлцээрийн дараа Д.Трампын байр суурь өөрчлөгдөж, хоёр их гүрний хооронд өрнөсөн худалдааны дайныг дуусгавар болгож магадгүй гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Тэрбээр өнгөрсөн удаагийн “сүрдүүлэг” нь хоёр орны ху­далдааны хэлэлцээрийг түр­гэсгэхэд нөлөөлсөн гэдгийг дурьдаад, “Бид тохиролцоонд хүрэхэд тун ойртсон байтал тэд зарим амлалтаасаа буцаж, дахин хэлэлцэх санал гаргаж эхэлсэн” хэмээсэн байна. Тэдгээрийн нэг нь оюуны өмчийн хамгаалалтын асуудал байжээ. Харин энэ удаагийн хэлэлцээрийн үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс тун нааштай захидал хүлээн авснаа мэдэгд­лийнхээ үеэр онцолсон байна. 

Тодруулбал, “Саяхан би Хятадын дарга Ши Жиньпинээс гоё захидал хү­лээж авсан. Тэр хамтарч ажиллаад үзье, ямар үр дүнд хүрэхийг нь харцгаая гэсэн байна. Надад Ши дарга их таалагддаг. Тэр миний сайн найз. Гэхдээ би АНУ-ыг, тэр БНХАУ-ыг төлөөлж байгаа учраас бидний ажилд хувийн харилцаа нөлөөлөх ёстой” хэмээн Д.Трамп ярьжээ. Хоёр орны удирдагчид өнгөрсөн жил “Их-20” бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр асуудлыг 90 хоногт хэлэл­цэн шийдвэрлэх тохирол­цоонд хүрч байв. Гэвч, өнөөд­рийг хүртэл эцэслэн шийд­вэр­лэгдээгүй байгаа тул АНУ-ын шахалт үзүүлж, Ерөнхийлөгч Д.Трамп ч ноцтой мэдэгдэл хийхэд хүрч байв. Тэрбээр АНУ-ын дараагийн сонгууль хүр­тэл асуудлыг удаашруулах оролд­лого хийж байна хэмээн Хятадын талыг буруутгаж буй юм. 

Энэ талаар “Хятад улс 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль болохыг хүлээж болох бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч сонгуульд ялах аз тохиовол тэд АНУ-аас жилд 500 тэрбум ам.доллар хулгайлсаар байх болно. Худалдааны хэлэлцээрийг миний Ерөнхийлөгчийн ал­быг хаших хоёр дахь удаа­гийн хугацаанд байгуулвал хэлэлцээр илүү дор болно гэдгийг тэд мэдэж байгаад гол асуудал оршиж байна. Хэлэлцээрийг одоо л бай­гуу­лах нь ухаалаг шийдвэр” хэ­мээн үзэж байгаагаа тэрбээр мэдэгдсэн билээ.

Үүнээс гадна Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах нь АНУ-д ашигтай гэдгийг онцолж байв. Дашрамд дурьдахад, АНУ-БНХАУ-ын худалдааны дайн бүс нутагт төдийгүй, манай улсад ч нөлөө үзүүлэх магадлалтай гэдгийг судлаачид хэлдэг. Ерөнхийдөө сөргөөр нөлөөл­нө гэдгийг онцолж байгаа юм. Тодруулбал, юун түрүүнд экспортын бүтээгдэхүүний үнэ буурахад, мөн хөрөнгө оруулагчдын итгэл сулрахад нөлөөлж болзошгүй юм байна.

Учир нь зэс, алт, ашигт малтмалын үнэ эдүгээ  өсөхгүй байгаа нь тус худалдааны дайны улмаас Хятадын эдийн засаг сулрана гэх хүлээлт хөрөнгийн зах зээлд үүссэнтэй холбоотой аж. Түүнчлэн, зарим хүмүүс АНУ-ын хоригт өртсөн бүтээг­дэхүүнийг Монголд үйлд­вэр­лэж, БНХАУ руу экспорт­лох, БНХАУ-д хоригт өрт­сөн АНУ-ын хөрөнгө оруу­лал­тыг Монгол руу татах гэх мэт санал санаачилгыг гаргадаг ч, бодит байдалд хэрэгжих магадлал сул гэнэ. Ерөнхийдөө олон улсын эдийн засаг, зах зээл нэг нэгээсээ өндөр хамааралтай болсон энэ үед хөршийн хямрал манай улсад сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй юм. Харин АНУ-БНХАУ асуудлаа хэлэлцээрийн зарчмаар шийд­вэр­лэх нь манайд учрах эрсдэлийг бууруулах боломж­той гэж үзэж болохоор байна.