ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгосчууд хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг хүсч байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-13

БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Вьетнамын Ханой хотноо хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт хийсэн билээ. Хоёр улсын хэлэлцээрийн гол сэдэв нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцлах зэрэг асуудал байв. Гэвч, уулзалт өмнөх шигээ ямар нэг тодорхой шийдэлд хүрсэн зүйлгүй, амжилтгүй болсон юм. Тэд дээд хэмжээний уулзалтын төгсгөлд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулсангүй, хамтарсан мэдэгдэл ч гаргаагүй, мөн дараа хэзээ уулзах товоо ч зарлаагүй байдаг. Тэгвэл тус уулзалтаас хойш хэсэг хугацаанд намжмал байдалтай байсан Умард Солонгос энэ сард тав хоногийн зайтай хоёр ч удаа ойрын тусгалт пуужингийн туршилт хийв.

Энэ нь зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа АНУ-д цочроо өгөх зорилготой гэдгийг ажиглагчид онцолж байна. БНАСАУ энэ сарын 4-нд ойрын тусгалт пуужин туршсан юм. Туршилтыг Ким Жон Ун өөрийн биеэр удирдсан байдаг. Тэгвэл энэ сарын 9-нд ч ойрын зайн баллистик пуужин туршсан гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн юм. Ингэснээр жил гаруйн хугацаанд буюу 18 сар цөмийн зэвсгийн туршилтаас татгалзсан Умард Солонгос хоёр ч удаа пуужин харваж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт өөрийн хүчийг дахин сануулахыг оролдов. Ажиглагчид ч эдийн засгийн хоригийг цуцлуулах оролдлого нь бүтэлгүйтсэнд хилэгнэсэн Ким Жон Ун АНУ-д шууд халдахгүй ч, тэдэнд өөрсдийн хүчийг дахин сануулах зорилготой гэж дүгнэж байна. Зэвсгийн туршилтын дараа Доналд Трамп улсынхаа ирээдүйг харлуулах үйлдэл хийхгүй байхыг Ким Жон Унд сануулж, эл үйлдэлд нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ итгэл алдраагүй гэдгээ мэдэгдсэн юм. БНАСАУ, АНУ-ын удирдагчдын харилцаа өмнө нь байгаагүй түвшинд хүрч, хоёр удаа нүүр тулан уулзсан.

АНУ-ын талаас бүх цөмийн реакторуудаа устгах шаардлага тавьсан бол Умард Солонгос эдийн засгийн хоригуудыг цуцлуулах шаардлага тавьж буй. Гэсэн ч, аль аль нь алхам хийхийг хүссэнгүй. Хоёр улсын харилцаа энэ түвшинд хүрэхэд нөлөөлсөн зуучлагч бол БНСУ. АНУ-БНАСАУ-ын харилцаа, хэлэлцээрийн шийдвэр хэрхэх нь бүс нутагт сайн муу аль ч талаар нөлөө үзүүлэх нь маргаангүй. Тэгвэл солонгосчууд уг асуудалд хүлээцтэй байж, хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ. Үндэстнээ нэгтгэх Солонгосын институтээс 18-аас дээш насны иргэдийг хамруулсан судалгаа явуулсан байх бөгөөд судалдаанд оролцогчдын дийлэнх нь “БНСУ-ын Засгийн газар БНАСАУ-тай хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой” гэж хариулсан байна.