ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чиний оронд чи болж үзэхсэн

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-08

Чиний оронд чи болж үзэхсэн. Хавирга нэвтлэх  хүйтэн жаварт хамт алхахдаа хажуудахаа дааруулчих вий гэсэндээ хүрмээ тайлж өгөөд,  гаднаа даараагүй мэт дүр эсгэн  дотроо чичрэх авч,  гарцаагүй ялсан баатар мэт омголон алхаж үзэхсэн. 

Айлын тавагнаас ганц чихэр авчихаад авааль гэргий, алаг үрдээ өгөх гэж өдөржин хадгалж, хайлтал л халаасалсаар харьж үзэхсэн.   

Би чам шиг хамаг  шимтэйг нь хүүхдийнхээ өмнө барьчихаад, харин өөрөө хальсанд нь цадаж,  сэтгэлээ баясгаж үзье.  Долоо хоногийн хоёр, гурван өдөр цурам хийлгүй ээлжинд хоносон  атлаа “Чи минь ядарсан байх даа” гэж харцаараа энхрийлэх  хайрыг чинь мэдэрч үзмээр байна.  Чамайг хэр их ядардагийг, чи юунд цадаж, юунд дурлаж, юу мэдэрдэгийг би ч бас  мэдрэхсэн. Би чиний оронд чи болж үзмээр байна, хань минь. 

Анд найзуудын уулзалт, цугларалт, аливаа баяр ёслолын урилгаас алгуурлаж татгалзсаар, адаг сүүлд нь ажлаас бусад бүх  цагаа алгын чинээ охиндоо л зориулах  айл гэрийн эзэн, хүний хань, хүүхдийн эцэг болж үзье. Бүдэрч уначихаад өвдсөндөө уйлах охиноо аргадах гэж бүдэрсэн чулууг нь өшиглөж, өөрөө хамт өвдөж үзэхсэн. Чамайг юунд өвдөж, юунаас айж, бас юуг чухал гэж үздэгийг мэдмээр байна.