ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Рио Тинтогийн “Оюутолгой” дахь нөлөө өөрчлөгдөх үү

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-14

Австралын уул уурхайн компани “Рио Тинто” группын Монгол дахь “Оюутолгой” төсөлтэй холбоотой шийдвэр, гүйцэтгэх үүрэг, нөлөөлөл нь  энэ долоо хоногт өөрчлөгдөж магадгүй байгаа талаар гадны хэвлэлд мэдээлжээ. Тус групп жилд 550 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэйгөөр “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. 

Ногоон эрчим хүчний хувьсгал эрчимжиж буй энэ үед үйлдвэрлэлийн металлын эрэлт өсч буй бөгөөд үүнийг дагаад Оюутолгой  “Рио Тинто”-гийн чухал ач холбогдолтой төсөл байсаар байх нь гарцаагүй. Гэвч, тодорхой шалтгааны улмаас төсөл 2022 он хүртэл тогтвортой олборлолт явуулж чадахааргүй дүр зураг харагдаж эхэлснээс гадна Рио Тинтогийн төсөлд гүйцэтгэх үүрэг ч өөрчлөгдөж магадгүй эгзэгтэй нөхцөл байдал үүсчээ. Тодруулж хэлбэл, энэ долоо хоногт Рио Тинтогийн толгой компани буюу Туркойз Хилл Ресурсын ээлжилт чуулга уулзалт болох бөгөөд энэ үеэр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох учиртай. Мөн “Оюутолгой” төслийн талаар авч хэлэлцэнэ гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Харин уг хурлын үеэр Туркойз Хилл Ресурсын хоёр дахь том хувь эзэмшигч “Сайлинг Стөүн капитал” компани Канадын уул уурхайн компанийн ТУЗ-д Рио Тинтогийн эсрэг санал өгөх магадлал өндөр байгаа аж. Рио Тинто нь Туркойз Хилл Ресурсын 50.8 хувийг эзэмшдэг. Харин АНУ-ын Сан Францискод төвтэй, байгалийн баялгийн олборлолт эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө өгдөг “Сэйлинг Стөүн капитал” компани 10.9 хувийг эзэмшдэг юм. Тиймээс тус компанийн удирдлага ямар шийдвэр гаргах нь анхаарал татаж байна. 

Тэд өмнө нь Туркойз Хилл Ресурсын ТУЗ-ын дөрвөн хараат бус захирлын нэгд өөрсдийн төлөөлөгчөө томилох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ. “Сэйлинг Стөүн капитал” компанийг хамтран эзэмшигч Макенки Дэйвс өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлчээр  “Бид Оюутолгойн төсөлд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-тэй хамтран ажиллахыг чармайж буй боловч корпорацийн удирдлагын асуудлаас болж зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар хугацаа их алдаж байна. Харамсалтай нь, Туркойз Хилл Ресурсын ТУЗ энэ асуудлаар үр бүтээлтэй яриа хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа тул бидэнд тус компанийн Удирдах зөвлөлийн хараат бус дөрвөн захирлын эсрэг санал өгөхөөс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү шийдвэрийг бид хөнгөн хуумгай, сэтгэлийн хөдлөлөөр хийгээгүй. Бид энэхүү шийдвэрийг уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалж, мөн компанийн урт хугацааны амлалтад тулгуурлан хийсэн болно. Гэхдээ энэхүү төсөл, хөрөнгө оруулалт нь дэлхийн хэмжээний корпорацийн туршлагаар л хэрэгжих боломжтой. Тиймээс төслийн хувь эзэмшигчид болох “Рио Тинто”, Монголын ард түмэн болон Засгийн газар, бусад жижиг хувь эзэмшигчид нэгэн адил алсын хараатай байж, хамтдаа амжилт өөд тэмүүлэх нь чухал юм” гэсэн юм.

Мөн “Өнгөрсөн таван жилийн хугацаанд Оюутолгойн төсөлд “Рио Тинто” компанитай хамтран ажилласан туршлагаас харахад товчхондоо тэд бидний эрх ашгийг төлөөлөн ажиллахгүй байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл тэд цаашид бидний зүгээс дэмжлэг авахгүй. “Рио Тинто” нь Туркойз Хилл Ресурсын 50.8 хувийг эзэмшдэг ч удирдах болон шийдвэр гаргах төвшний асуудалд 100 хувийн эрх мэдэлтэй байгаа зохицуулалт нь компанийн засаглалын наад захын жишигт ч хүрч чадахгүй байна. Энэ компанийн хувьцааны муу үзүүлэлт нь удирдлагуудтай шууд хамааралтай.

Тиймээс манай компани бусад жижиг хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Туркойз Хилл Ресурс”-ын ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын нэг суудлыг авах хүсэлтэй байна. Тэд компанийн засаглалд “Рио Тинто”-гийн эрх ашгийг давамгай хамгаалж ажиллаж байгаа нь өөрчлөх бодитой шалтгаан мөн.

Энэ нь “Туркойз Хилл Ресурс”-ын менежментийн дутагдалтай талыг харуулж байгаа бөгөөд үүнээс болж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын зогсонги байдалд орох, энэ том төсөл  алдагдал хүлээхийг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдэж байжээ. Тус компанийн саналыг “Туркойз Хилл Ресурс”-ын бусад жижиг хөрөнгө оруулагчид болох “ISS”, “Glass Lewis” компани ч дэмжиж байгаагаа илэрхийлж байв.  Энэ удаагийн уулзалтад ч тэд эл байр сууриа өөрчлөхгүй байх магадлалтайг олон улсын шинжээчид онцолж байгаа юм. “Рио Тинто”-гийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй боловч ирэх наймдугаар сард төслийн талаар шинэчилсэн мэдээллээ танилцуулах болно гэсэн байна.

Харин “Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс “Хөрөнгө оруулагчдын санал, санаачилгууд нь компанийн засаглал, дотоод үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүний үр дүнд 2018 онд зөвхөн ТУЗ-д тайлагнадаг шинэ гүйцэтгэх захирлыг томилсон. Монголын парламентаас томилсон ажлын хэсгийн тайлангийн хувийг бид хүлээн авсан бөгөөд үүний үр дүнг хянах үүрэгтэй хяналтын комисст хариу бичсэн” гэж мэдэгджээ. Тэгвэл “Mining.com” сайт Оюутолгой төсөлд үүсээд буй сөрөг үр дагавар, эрсдэл, Монголын Засгийн газар, буруу менежментийн улмаас АНУ-ын хөрөнгө оруулагчид “Туркойз Хилл Ресурс”-т итгэл алдарч, улмаар хувьцааных нь үнэ унаж буйг онцолж байна.

Оюутолгойг 2001 онд илрүүлж, 2012 оноос “Рио Тинто” уурхайг хяналтдаа авсан юм. Улмаар хүчин чадлыг нэмэгдүүлснээр уурхай хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох боломжтой. Гэвч эдүгээ “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа өнөөгийн байдлаар 12 сарын өмнө байсан ханшийн тэн хагастай л тэнцэж байгаа юм. Энэ мэт асуудлаар манай улсын 34 хувийг эзэмшдэг Оюутолгойн төсөлд цаашид менежментийн өөрчлөлт хийгдэж, Рио Тинтогийн шийдвэр гаргах чадамж, нөлөө өөрчлөгдөж болзошгүй байна. Энэ нь эдүгээ Канадад үргэлжилж буй чуулга уулзалтаас тодорхой болох нь.